Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Зайсан дахь хүүхдийн хорих ангиас өнгөрсөн долдугаар сарын 31-нд зургаан хүмүүжигч хүүхэд оргосон. Өнгөрсөн арав хоногийн хугацаанд эдгээр хүүхдийн дөрвийг олсон бөгөөд хоёр нь одоо болтол олдоогүй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Олон нийттэй харилцах албаны ажилтан, дэслэгч Х.Баясгалангаас эрлийн ажиллагаа ямархуу байдалтай явагдаж байгааг лавлахад “Манай газар болон цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн эрлийн ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байгаа.
Эдгээр хүүхдийг олох гэж хууль хяналтынхан нойр хоолоо умартан, улс орон даяар эрэн сурвалжилж байгаа. Хүүхдүүдийн очих боломжтой газар, уулзах магадлалтай хүмүүсийг сайтар шалгаж байна” гэсэн юм. Эрэн сурвалжлагдаж байгаа хүүхдүүдийн нэрийг Н.Мөнхбаатар, Г.Алтангэрэл гэдэг аж.