Улсын онцгой комиссын шийдвэрийг үндэслэн "Улаанбаатар Төмөр зам" нийгэмлэг Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн галт тэргээ өнөөдрөөс аялуулахгүй байх шийдвэр гаргажээ. Харин Улаанбаатар-Сайншанд-Улаанбаатар чиглэлийн зорчигч тээвэр, галт тэрэгний үйл ажиллагаанд тавих хяналтыг чангатгаж халдвар хамгааллын дэглэм, журмыг мөрдүүлэн хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлэх аж. Ингэхдээ Улаанбаатар-Сайншанд-Улаанбаатар чиглэлийн зорчигч тээвэр, галт тэрэгний хуваарьтаа өөрчлөлт оруулсан байна.
Тодорхой хэлбэл, 2022 оны нэгдүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн Улаанбаатар-Сайншанд чиглэлийн №286-р галт тэрэг өдөр бүр 20.58 цагт УБ-аас хөдөлж 07.30 цагт Сайншандад очно. Мөн 2022 оны нэгдүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн Сайншанд-Улаанбаатар чиглэлийн №285 галт тэрэг өдөр бүр 19.40 цагт Сайншандаас хөдөлж, 07.05 цагт Улаанбаатарт ирэхээр болжээ.