Хүй долоон худагийн урдхан талд байдаг Хүйтэний хонхор гэдэг газарт өнгөрсөн долдугаар сарын 6-ны 20.00 цагийн үед Төв аймгийн Аргалант сумын малчин М-ын эхнэрийг гэрт нь, өөрийг нь малын бэлчээрт хөнөөсөн онц ноцтой хэрэг гарсан. Уг хэргийг Увс аймгийн Хяргас суманд 1991 онд төрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй Б гэгч үйлдсэнийг ЦЕГ-ын даргын тушаалаар томилогдсон Ажлын хэсгийнхэн илрүүлэн Дархан-Уул аймгийн нутагт явж байхад нь саатуулсан билээ. Түүнд холбогдох хэргийн мөрдөн байцаалт дуусаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр болж байгаа бөгөөд өнгөрсөн амралтын өдрүүдэд гэмт этгээдийн хэрэг үйлдээд явсан маршрутаар зам шалгалт хийгээд иржээ. Мөрдөн байцаалтын шатанд гэмт этгээд өс санаж М болон түүний гэр бүлийнхнийг хөнөөснөө мэдүүлээд байгаа.
“Талийгаач М намайг хоттой малаас нь хулгайлсан хэрэгт сэжиглэж цаг даагийн байгууллагаар шалгуулж байсан юм. Үүнд нь өс санаж яваад гэмт хэрэг үйлдсэн. Талийгаач М-ын дээл, малгай, гутлыг нь өмсөж, гэрийн гадаа нь аргамжаатай байсан морийг нь хулгайлаад явсан. Замдаа Төв аймгийн Алтанбулаг сумын малчин Б-гийн 18 адууг бэлчээрээс нь хулгайлан тууж, Борнуур сумын нутагт аваачиж зарсан” гэж мэдүүлээд байгаа аж. Явсан маршрутаар нь шалгалт хийхэд түүний мэдүүлэг батлагдаад байгаа гэнэ. Тэрбээр гэмт хэрэг үйлдсэнээ өөрөө хүлээсэн бөгөөд холбогдох баримтуудаар ч тогтоогдож буй аж. Түүнийг Дархан-Уул аймгийн Шарын гол сумаас аав ээжийнхээс нь саатуулсан юм байна.
Бгийн эцэг, эх төвийг бараадсан их нүүдлийн үеэр Дархан-Уул аймагт ирж, сэжигтэн Б тус аймгийн ерөнхий боловсролын нэгэн сургуульд тавдугаар анги хүртлээ суралцаж байгаад завсардсан нэгэн аж. Хохирогч М-ынх хүн бүл муутай, хүүхдүүд нь бүгдээрээ Улаанбаатарт ажиллаж амьдардаг байжээ. Гэмт хэрэг гарах үед нэг хүүгийнх нь ой есөн сартай ач хүү нь талийгаач нартай хамт байсан юм. Гэмт этгээд хоёр хүний амийг бүрэлгэх үеэрээ түүнийг хүнд гэмтээсэн юм. Өдгөө хүүхдийн биеийн байдал ямар байгааг холбогдох албаны хүмүүсээс лавлахад “Энэ гэмт хэргийг үйлдсэн хүнийг хэрцгий гэж хэлэхэд ч багадна. Гэмт этгээд хүүхдийг цохисноос тэрбээр тархи, нуруу нугасандаа гэмтэл авсан. Цаашид тахир дутуу хүн болж өсөж болзошгүй байгаа. Эмч нар боломжтой бүхий л эмчилгээг түүнд хийж байна. Гэхдээ биеийн байдал нь хүнд хэвээр байгаа” гэсэн юм. Харин гэмт этгээд хавтаст хэрэгт өгсөн мэдүүлэгтээ “Гэрийн эзэгтэйг цохичихоод гарах үед жаахан хүүхэд нь уйлаад байсан. Тэгэхээр нь толгой руу нь нэг удаа өшиглөчихөөд гарсан. Хүүхэд тас гэдэргээ саваад унасан” гэжээ. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр тархи, нугасны гэмтэл авсан нь батлагдаад буй аж.