Гадаадын иргэд Монгол Улсын хуулийг зөрчин гэмт хэрэгт холбогдох, мөн гэмт хэргийн золиос болох явдал нэг бус удаа гарч байна. Энэ он гарсаар манай улсад жуулчлахаар ирсэн гадаадын 63 иргэн гэмт халдлагад өртөж эд зүйлээ дээрэмдүүлэн зодуулсан байна. Тэдний 27 нь БНХАУ, 10 нь БНСУ-ын иргэн байжээ.
Түүнээс гадна манай улсад ирээд гэмт хэрэг үйлдсэн гадаадын 24 иргэн байгаа аж. Тэдний 13 нь БНХАУ, дөрөв нь ОХУ, хоёр нь БНСУ-ын иргэн. Гэмт хэрэгт өртсөн болон үйлдсэн гадаадын иргэдийн тоо өмнөх оны хоос харьцангуй буурч байгаа юм. Манай улсад ирээд гэмт хэрэг үйлдсэн БНСУын иргэдийн тоо өнгөрсөн амралтын өдөр нэгээр нэмэгджээ. Хэдэн жилийн өмнө “Хааны замВако” хэмээн рекламдаж, БНСУ-ын иргэн Пак Сон Бун, Жон Жун Хёг нар манай 94 иргэнээс нэг тэрбум гаруй төгрөг залилан мэхэлж авсан билээ.
Гэмт хэрэг үйлдсэн солонгосчууд хорих ял сонссоноос бус хохирлоо нөхөн төлөөгүй. Түүнээс гадна “Сүнжин гранд” зочид буудлын дэд захирал Ким Юү Сог болон Юү Мо Жин, Ан Жи Вонг нар өнгөрсөн оны наймдугаар сарын 26-ны үдэш манай улсын иргэн Я, Э нарыг зодож, хүнд гэмтэл учруулсан гээд солонгосчуудын үйлдсэн хэрэг цөөнгүй. Мөн өнгөрсөн амралтын өдөр БНСУ-ын иргэн Юн Ён Гу гэгч эр манай зургаан иргэнийг залилж, 7200 долларыг нь авсан гэх гомдол цагдаагийн байгууллагад иржээ.
Хан-Уул дүүргийн иргэн Б бусдыгаа төлөөлж Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргасан аж. Тэрбээр гомдолдоо “БНСУ-ын иргэн Юн Ён Гу нь нэр бүхий зургаан хүнийг удаан хугацааны гэрээгээр тус улсад ажиллуулна” гэж мөнгийг нь авсан аж. Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн ажилтнаас энэ тухай лавлахад “Шалгалт дөнгөж эхэлж байгаа болохоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.