Төрийн алба хаагчид хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхдээ бусдаас хахууль авч, тус албаны нэрийг “шороотой нь хутгачихаад” байгаа. Олон хүн сайнтай муутай, ойн мод урттай богинотой гэдгээр төрийн албыг мөнгө олох хэрэгсэл болгодог нэг хэсэг байхад ажлаа үнэнч шударгаар хийдэг хүмүүс бас олон бий. Хууль сахиулах байгууллагынхан ажлаа үнэнч шударгаар хийж, хээл хахууль өгч, хууль бусаар мод тээвэрлэх гэсэн эрийг холбогдох байгууллагад өгч арга хэмжээ авахуулаад байна. Харамсалтай нь хээл хахуулийн хэрэгтнүүдийн толгойг илдэг манай Эрүүгийн хууль түүнд хөнгөн ял ногдуулжээ.
2011.03.29. Төв аймгийн Борнуур сумын нутаг. УМБГ-ын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ажилтнууд Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар хууль бусаар мод огтолж тээвэрлэгчид, алт олборлогч, хулгайн анчдын эсрэг нэгдсэн шалгалт хийж байв. Тус хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, хошууч Б.Цогтбаатар, Б.Лхагвадорж, жолооч Л.Батболд нар хууль бусаар мод тээвэрлэж явсан хүмүүстэй ууланд таарал даж, саатуулан, автомашин болон тухайн машины жолооч С.Нямдоржийн бичиг баримтыг нь хураан авч, орон нутгийн цагдаагийн байгууллагад хэргийг нь шилжүүлэхээр жолоочийг нь дагуулан явах гэжээ.
Гэвч жолооч нь цагдаа нарын сууж явсан ма шины арын цонхоор гараа оруулан “Намайг зүгээр явуулчихаач. Буугаад ир, уулзъя” хэмээн хошууч Б.Лхагвадоржийг дуудсан байна. Харин тэд түүнийг “Машинд ороод ир” хэмээн дуудаж, арын суудалд суухад нь “Чи яагаад мөнгө өгөх гээд байгаа юм бэ” гэж асууж.
Энэ үед С.Нямдорж “Намайг зүгээр л явуулчих” гээд атгасан мөнгөө машины урд суудлын дундах хайрцаг дээр тавьсан байна. Энэ үед хошууч Б.Цогтбаатар түүний үйлдлийг баримтжуулан бичлэг хийж, мөнгийг нь хураан сери дугаарыг нь тэмдэглэн авчээ. Улмаар түүнийг буулгалгүй машинаа хөдөлгөн давхиж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын цагдаагийн тасагт аваачсан байна.
С.Нямдорж “Модны бичиг баримт байхгүй. Амьдрахын эрхэнд ийм ажил хийж байна. Намайг зүгээр явуулчих” гээд 100 мянган төгрөг буюу 20000-тын таван ширхэг дэвсгэрт өгөхийг завдсан нь хавтаст хэрэгт эд мөрийн баримтаар хураагджээ. Хууль бусаар мөнгө олдог цагдаагийн зарим алба хаагчийг модны хулгайч нар энэ мэт байдлаар 100-200 мянган төгрөгөөр хахуульдан тэднээр хамгаа луу лж нийслэлд модоо оруулж ирэн, борлуулдаг байхыг үгүйсгэхгүй. Харин хошууч Б.Цогтбаатар, Б.Лхагвадорж, жолооч Л.Батболд гэсэн цагдаагийн алба хаагчид хуулиар хүлээсэн үүргээ сайн биелүүлсэн нь гэмт этгээдийг гишгэх газаргүй болгосон нь энэ юм.
2011.07.21. Төв аймгийн Сум дундын II шүүх. С.Нямдоржид холбогдох хэргийг энэ өдөр хэлэлцэв. Төв аймгийн прокурорын газраас түүнд Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан “Албан тушаалтанд хээл хахууль өгсөн” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлджээ. С.Нямдорж нь 1984 онд Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараад төрсөн, эхнэр, хүүхдүүдийн хамт ногоо тарьж амьдардаг нэгэн байв. Тэрбээр шүүхийн хэлэлцүүлгийн үеэр “Би буруу зүйл хийснээ ойлгож, маш их гэмшиж байна.
Хөнгөн шийтгэл оноож өгнө үү. Ямар ч байсан намайг явуулчих гээд би голын хайрцаг дээр нь 100 мянган төгрөг тавьсан нь үнэн” гэжээ. Төв аймгийн Сум дундын II шүүхээс түүнийг төрийн албан тушаалтанд хээл хахууль өгсөн гэм буруутайд тооцож, 1.2 жилийн хугацаагаар хорих ял оноов. Улмаар үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн зэрэг үндэслэлээр ялыг хөнгөрүүлж, нэг жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял оноосон байна.
Ямартай ч авлига авдаг төрийн албан тушаалтан байхад авдаггүй, шударга ажилладаг хүмүүс олон байдаг юм байна гэдгийг энэ хэрэг баталлаа.