Баар, шөнийн цэнгээний газрын зохион байгуулагч нэртэй орой болгон үнэгүй шар айраг ууж, халамцан сууж байдаг, аливаа баяр ёслолоор хүмүүсийн мөнгийг хэрхэн луйвардах арга сэдэж суудаг хэсэг залуус байдаг. Тэд гэмт хэрэг үйлдэх, үйлчлүүлэгч, ажилчдаа зодох нь энүүхэнд.
Манайдаа томд тооцогдох “Метрополис” баарны зохион байгуулагчаар ажиллаж байсан Л.Равдансамбуу нь согтуудаа тус бааранд сантехникийн слесариар ажиллаж байсан Б-г зодож гэмтэл учруулсан. Баянз үрх дүүргийн шүүхээс Л.Равдансамбууг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцож, гурван жилийн хорих ял оноосон.
Гэвч Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, ялаас чөлөөлсөн байдаг юм билээ. Баарны зохион байгуулагч нэртэй танхай залуусын асуудал дахин сөхөгдөв. Энэ удаад хуучнаар “Ленин” клубт үйл ажиллагаа явуулдаг “Элит”, заримдаа “Кристалл” нэртэй болчихдог баарны зохион байгуулагч Ухнаагийн Ганхуяг гэгч эр цагдаагийн мөрдөн байцаагчийг хэвтэрт ортол нь зодоод хэргийн газраас оргон зайлжээ.
Уг баар нь байнга цаг хэтрүүлэн ажилладаг, холбогдох байгууллагынхан мэдээд тусгай зөвшөөрлийг нь хураасан ч ажилласаар байдаг гэнэ. Хаах арга хэмжээ авах гэхээр хэн нэгэн даргын халаас хоосорчих гээд байдаг учраас хаалгадаггүй юм байна. Энэ хэрэг өнгөрсөн долдугаар сарын 17-нд буюу цагдаагийн байгууллагын баяраар болсон гэнэ. Дээрх баараар үйлчлүүлж байсан Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн байцаагч О-г У.Ганхуяг согтуудаа шалтгаангүйгээр, төмөр сандлаар зодсон байна.
Ийнхүү мөрдөн байцаагч залууг зодчихоод цагдаагийн ажилтнуудыг хэргийн газарт очих үед зугтан алга болжээ. Өдгөө түүний хаана байгаа нь тодорхойгүй байгаа тул цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж буй гэнэ. У.Ганхуяг нь 1982 онд Дорноговь аймагт төрсөн юм байна.