Дархан-Уул аймгийн Онцгой комисс хэсэгчилсэн байдлаар өнөөдөр /2022.01.11/ хуралдлаа.Хуралдаанаар сар шинийн баярыг аймгийн хэмжээнд нэгдсэн байдлаар зохион байгуулахгүй, нийтийг хамарсан золголт хийхгүй байх шийдвэрийг гаргав.
Энэ талаар тус аймгийн Засаг дарга Б.Азжаргал "Сар шинийн баярыг аймгийн хэмжээнд нэгдсэн байдлаар тэмдэглэхгүй байх шийдвэр гаргалаа. Өөрөөр хэлбэл төрийн байгууллагууд нийтийг хамарсан золголт зохион байгуулахгүй. Үүнд нутгийн зөвлөл, ААН байгууллагын ахмадаа хүлээн авдаг, хүндэтгэлийн арга хэмжээг нэрлэж болно.
Бүх шатны төрийн байгууллагын албан хаагчид ахмад ажилчныдаа зочилж, золгохыг хязгаарлана. Ахмадуудаа хүндэтгэх арга хэмжээг нийтийг хамарсан бус хэлбэрээр зохион байгуулах боломжтой. Мөн иргэддээ сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг уриалж байна" гэв.
Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ