Төв аймгийн Жаргалант суманд үе үе хүн амины ноцтой хэрэг гарч, олныг цочирдуулж байдаг. Хэдэн жилийн өмнө нэг залуу айлын бага насны охиныг хүчирхийлж, саатуулахаар очсон цагдаагийн алба хаагчийг хутгалж байсан. Түүний дараахан 2002 онд эхнэрийг нь хүчирхийлсэн нутгийн хоёр атаманыг буу даж, ууланд бүгж байгаад өөрөө ирж баригдсан гэх зэрэг хэрэг гарч байв. Хамгийн сүүлд тус сумын нутагт ан хийж явсан Төв аймгийн Татварын хэлтсийн дарга Ч.Адъяа сүрэн, Жаргалант сумын ИТХ-ын дарга Ц.Цолмон гэрэл тэргүүтэй тус аймгийн МАНынхан өнгөрсөн гуравдугаар сард буу алдаж аймгийн заан Б.Баянбатыг хөнөөсөн.
Тэдэнд холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлэж тэнсэн харгалзах ялаар шийтгэсэн гэх дуулиан намжаагүй байхад тус суманд өнгөрсөн долдугаар сарын 31- нд хоёр хүний амь үрэгдсэн ноцтой хэрэг гарсан юм. Тус аймгийн Цагдаагийн газраас томилогдсон Ажлын хэсгийнхэн хэрэг гарсан тухай дуудлага авсан даруйд Жаргалант сумыг зорьж, хэргийн газрын үзлэг хийх, гэрч, хохирогч нараас тайлбар мэдүүлэг авах зэрэг ажлаа хийгээд өчигдөр тэндээс буцацгаав.
Төрсөн өдрийн баяр хэрэг гарах үндэс болов
Долдугаар сарын 30-31- нд шилжих шөнө тус сумын иргэн Сайнаа гэгч залуу төрсөн өдрөө тэмдэглэн, дотнынхоо найз нөхөд буюу үеэл, хаяал залуусаа дуудан хамт наргижээ. Тус сумаас баруун урагш 30 орчим км-т Борхужир гэж баг байдаг аж.
Тус багийн нутаг Дэлгэрбулаг гэх газарт садан төрлийн ах дүүс нийлж, дээрх залуугийн төрсөн өдрийг тэмдэглэсэн гэнэ. Тэд эхлээд хоёр литрийн савлагаатай шар айраг хоёрыг ууж, улмаар дахин нэмж архи авчээ. Ингээд Сайнаагийн микроавтобусанд үргэлжлүүлэн архидаж байхдаа саахалт айлын Т-ын охин Б-г “Хамт төрсөн өдөр тэмдэглээч” хэмээн дуудсан байна. Азаар ч гэх юм уу, эх хүний зөн совингоор ч тэр үү орой 21.00 цаг өнгөрч, харуй бүрий болж байсан болохоор түүний ээж нь охиноо гэрээс гаргаагүй гэнэ.
Энэ тухай гэрч Б болон түүний аав Т нар цагдаад “Орой болсон хойно дуудаж, Сайнаагийн төрсөн өдрийг хамтдаа тэмдэглэе гэсэн. Харин ээж зөвшөөрөөгүй учраас тэдэнтэй нийлээгүй” гэж тайлбарласан байв. Тэд гэрч Т-ын гэрээс нэг их холгүй архидалтаа үргэлжлүүлж, энэ үед ах дүү нар нь Энхээ гэж нэрлэдэг Х.Энхсайхан нь согтуурхаж, микроавтобусных нь цонхыг санамсаргүй хагалчихсан байна. Үүнд уурссан Бямбадорж, Дамдиндорж, Баярбат нар Х.Энхсайханыг зодож, Дашдамба салгахыг оролдсон байна.
Гэвч архины халуун, сэтгэлийн хөөрөлд автсан ах дүүс хашааны нэг метр орчим урттай шургаагаар Х.Энхсайханыг нэвширтэл зодчихоод гэр рүүгээ харьцгаажээ.
Ахынхаа нүүрийг угааж байсан охин бууны суманд өртөв
Зодоон хараахан тараагүй байхад Дашдамба гэрээсээ СКС маркийн буугаа авч бусдыгаа айлгахаар очжээ.
Гэвч энэ үед зодоон тарсан, Х.Энхсайханы үеэл дүү Баярчимэг гэрээсээ ус авчран ахынхаа цус болсон нүүрийг угааж цэвэрлээд зогсож байв. Дашдамба гэрээсээ гарахдаа бууныхаа хоолойд нэг сум хийгээд гартаа хоёр сум атгасан байсан аж. Нэгэнт зодоон дууссан болохоор Дашдамба Энхсайхан, Баярчимэг нарыг хэсэг харж явган сууж байснаа бостол буу тасхийж, хамаатных нь охин суманд оногджээ. Айж сандарсан Дашдамба гартаа байсан хоёр сумаа бууныхаа хамт охины цогцосны ойролцоо шидчихээд гэртээ орж болсон явдлын талаар хэлсэн байна.
Ингээд хамаатан саднууд нь Х.Энхсайханыг сумын эмнэлэгт хүргэж, болсон явдлын талаар хэсгийн төлөөлөгчдөө мэдэгджээ. Ингээд аймгийн Цагдаагийн газарт хэргийн талаарх мэдээлэл ирж, аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасаг, Эрүүгийн тасаг, шинжээч, прокурор зэрэг хүмүүсээс бүрдсэн Ажлын хэсэг Жаргалантад очсон байна. Хэргийн газарт очсон шинжээч “Баярчимэг гэх 17-20 орчим насны охин толгойн тус газраа нэг удаа буудуулж амиа алдсан, ойр орчимд нь бууны хоёр сум, СКС маркийн буу, шар айрагны сав, нэг метрийн урттай шургааг байсныг эд мөрийн баримт болгон мөрдөн байцаагчид хураан авсан” гэсэн юм. Өөр нэг эх сурвалж “Бусдад зодуулсан Х.Энхсайханыг сумын эмнэлэгт хүргэсэн ч эмчилгээ авалгүй байсаар нас барсан.
Түүний биед үүссэн олон тооны битүү гэмтэл шарх, доргилт, цус хуралт, цус алдалт, тархины ясны цууралт зэрэг нь үхэлд хүргэсэн гэсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт гараад байгаа” гэлээ. Хэргийн талаар орон нутгийн хууль хяналтын байгууллагын эх сурвалжаас тодруулахад “Зарим хэвлэл мэдээллийнхэн хэргийн газарт очоод хүмүүстэй уулзаад байсан. Гэвч уржигдрын зарим сонинд иргэдийн ам дамжуулан ярьсан цуу үгэнд итгэж, ташаа мэдээлэл гаргасан байна лээ. Болсон явдлын хувьд талийгаач Энхсайханыг зодсон залуус тарцгаасны дараа Дашдамба буу авч ирсэн. Зодолдсон хүмүүс явсан байсан тул талийгаач Баярчимэг Энхсайханы цустай нүүрийг угааж байхыг харж байгаад босохдоо буу алдаж, Баярчимэгийн амь насыг хохироосон нь гэрч болон сэжигтний мэдүүлгээр тогтоогдож байгаа. Мөн сэжигтнүүд ууланд бүгсэн гэж нэгэн сонинд бичсэн байна лээ.
Уул руу зугтаж бүгсэн, ЭЦГ, УМБГ, Төв аймгийн Цагдаагийн газрынхан уулыг самнаж эрэн сурвалжилж байна гэсэн мэдээлэл гарсан нь ташаа. Тэнд зөвхөн Төв аймгийн Цагдаагийн газрынхан ажилласан. Хэргийн газарт очиход талийгаач охины цогцсыг ч хөдөлгөөгүй, сэжигтэн залуус бүгд гэр гэртээ байсан.
Тэднийг өнөөд өр (өчигдөр) ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих төвд аваачин саатуулсан. Нас барсан хоёр хүн болон сэжигтн үүд бүгд хол ойрын хамаатан залуус. Талийгаач охиноос бусад нь 28-35 насныхан” гэсэн юм.
Г.Равжаа