Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Оюутолгой” компанийн гадна өчигдөр иргэд цугларч шаардлага хүргүүлжээ. Тодруулбал, тус сумын иргэдийн төлөөлөгч Б.Эрдэнэбаяр, “Говийн газар шороо” төрийн бус байгууллагын тэргүүн Л.Батцэнгэл тэргүүтэй хүмүүс Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын зардлыг баталсантай холбоотойгоор Ханбогд сумынхнаас ажилд авах, туслан гүйцэтгэгч компанийн ажилчдын цалинг үндсэн ажилчдынхаа дүйцүүлэн нэмэх шаардлага хүргүүлсэн аж. Түүнчлэн төслийн нөлөөлөлд өртсөн буюу малын бэлчээрээ алдсан малчдын тогтвортой амьжиргааг дэмжих, хамтран ажиллахад анхаарахыг уриалжээ. Энэ талаар “Оюутолгой” компанийн Улаанбаатар дахь төв оффисоос тодруулахад “Иргэд шаардлага ирүүлсэн нь үнэн. Орон нутгийн харилцааны ерөнхий менежер уг шаардлага захидлыг хүлээн авсан. Ямар арга хэмжээ авч, хэрхэн шийдвэрлэсэн талаар удахгүй мэдээлнэ” гэв.
Бэлтгэсэн С.Цэрэн