Зам тээврийн хөгжлийн яамнаас Замын-Үүдийн нөхцөл байдлын талаарх тайлбар, мэдээллийг хүргэлээ.
"Коронавирусийн халдварын нөхцөл байдлаас шалтгаалан БНХАУ-ын зүгээс Эрээн авто замын боомтоор нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөнийг 2021 оны аравдугаар сарын 13-ны өдрөөс зогсоож, 2021 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр хилийн дундын бүсэд чингэлэг шилжүүлэх замаар улс хоорондын тээврийг явуулах шаардлагыг хятадын талаас манай талд ирүүлсэн.
БНХАУ-ын талаас тавьсан шаардлагыг холбогдох төрийн байгууллагууд хэлэлцээд саналыг хүлээн авч хятадын талд хариу мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор хятадын тал хилийн бүсэд чингэлэг солилцох талбайг бэлтгэн, тээвэр зохион байгуулалтын үйл ажиллагааг хятадын талд олон улсын тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхэлдэг “Сино транс” компани хариуцан ажиллах шийдвэр гарсан тухай манай талд мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор монголын талд тээвэр зуучийн үйл ажиллагааг хариуцаж, “Сино транс” компанитай хамтарч ажиллах ижил түвшний оператор компанийг яаралтай томилж мэдэгдэхийг манай талаас шаардсан.
Үүний дагуу 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Гадаад харилцааны яаман дээр болсон хурлын үеэр Гадаад харилцааны дэд сайдаас яаралтай оператор компанийг сонгож, мэдэгдэх үүргийг өгсөн тул “Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо” НҮТББ-аас ирүүлсэн саналыг дэмжсэн. Уг холбоо нь энэ ажлыг гүйцэтгэхэд хүн хүч, санхүүгийн харилцаанд орох боломжгүй зэргийг харгалзан тухайн холбооны гишүүн байгууллагуудын нийлж байгуулсан “Үндэсний тээврийн корпораци”-г энэхүү ажилд хамтран оролцуулахаар тохиролцсон талаар мэдэгдсэн.
Тээвэр зуучийн байгууллага нь Замын-Үүд боомтод үйл ажиллагаа явуулахад тодорхой хэмжээний зардал гарах бөгөөд “Үндэсний тээврийн корпораци” чингэлэг тутмаас 220 мянган төгрөг авах талаар одоогоор албан ёсны мэдээлэл байхгүй болно.
Монгол, Хятадын хилийн боомтуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн 196 дугаар захирамжаар Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, холбогдох мэдээллийг Засгийн газрын хуралдаанд тухай бүр нь танилцуулж байна.
Дээрх ажлын хэсэг Засгийн газрын 2021.12.31-ний өдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн гурван тэрбум төгрөгийн санхүүжилтийг ямар үйл ажиллагаанд зарцуулахыг шийдвэрлэнэ" гэв.