Төрдөө төлсөн татвар төлөгчдийн мөнгөөр хариуцсан албан тушаалтнууд нь туйлж, гарынхаа салаагаар урсгаж байгаа явдлыг хууль хяналтын болон хэвлэл мэдээллийн байгууллагынхан олж нийтэд хүргэсэн. Тухайлбал, ДарханУул аймгийн Төрийн сангийн тасгийн дарга Э.Наранбаатар, ЗДТГ-ын Санхүү, эдийн засгийн бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга Д.Нямхүү нар төсвийн байгууллагуудынхаа удирдлага болон нягтлан бодогч нартай хуйвалдаж их хэмжээний мөнгө завшсан.
Бүр тодруулбал, 13 дугаар цэцэрлэг, IV сургуулийн нягтлан бодогч Т.Алтантуяа, аймгийн Нийтийн аж ахуй, үйлчилгээний газрын дарга Д.Баяраа, нягтлан бодогч Ш.Уранчимэг зэрэг 10 гаруй хүн Төрийн сангийн 400 сая төгрөгийг хуурамч баримт, гүйлгээ хийж холбогдох журмыг зөрчин анхан шатны баримт гүйцэтгэлгүйгээр санаандаа орсон тоог бичиж гүйлгээ хийж завшсан хэрэгт холбогдсон.
Энэ хэрэг шүү- хээр шийдвэрлэгдэлгүй удаж байгаа бөгөөд 4-5 удаа нэмэлт мөрдөн байцаалтад буцаж, тэр тоолонгоор холбогдогч нар нь цөөрч байдаг. Гэтэл үүнтэй адил замаар Орхон аймгийн төрийн сангийнхан мөнгө завшиж байжээ.
Энэ хэргийн мөрдөн байцаалт дуусаж, саяхан тус аймгийн Сум дундын шүүхээр хэлэлцүүлэхээр шилжүүлсэн байна. Орхон бол улсдаа томд тооцогдох аймгийн нэг бөгөөд тус аймгийн бүрдүүлж буй төсөв маш их байдаг. Түүнээс нь Төрийн сан хариуцсан албан тушаалтнууд нь шамшигдуулах явдал цөөнгүй гардаг аж. Тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн ажилтан А.Энхтөр төсвийн 150 сая төгрөгийг шамшигдуулжээ. Тэрбээр ингэхдээ Дархан-Уул аймгийн Төрийн сангийнхан шиг хуурамч бичиг баримт бүрдүүлэн уг хэргийг үйлджээ.
Дархан-Уул аймгийн Төрийн сангийн ажилтнууд төсвөөс бэлэн мөнгө гаргадаггүй байдлыг ашиглан нэгэн хүнийг зохиомлоор бий болгож, хуурамч иргэний үнэмлэх, гарын үсгийн баталгаа хийн нотариатаар батлуулж, мөнгөө банкны данснаас авдаг байв.
Яг үүнтэй адил замаар Орхон аймгийн Төрийн сангийн ажилтан А.Энхтөр хуурамч бичиг баримт үйлджээ. Улмаар тус аймгийн 14 дү- гээр сургуулийн нягтлан бодогч О.Батхишигтэй үг - сэн тохиролцож, банкинд байршуулсан хуурамч нэртэй данснаасаа удаа дараагийн гүйлгээгээр 150 сая төгрөг авчээ.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс энэ хэрэгт мөрдөн байцаалт явуулахад тэд уг мөнгийг хувьдаа завшин үрэгдүүлсэн нь нотлох баримт, банкны гүйлгээнүүд, гарын үсгийн баталгаа гэх зэрэг үйлдлээр тогтоогдсон юм байна. Тиймээс энэ хоёр хүнд прокурорын байгууллагаас төсвийн хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд завшиж үрэгдүүлсэн, хуурамч бичиг баримт үйлдсэн, төрийн албан тушаалтан албаны эрх мэдлээ урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Энэ хэргийг шалгаж байх явцад Орхон аймгийн ЗДТГ-ын Төрийн сангийн хэлтсийн дарга С.Нарангэрэл гэдэг эмэгтэй мөн л татвар төлөгчдийн мөнгөөр бүрддэг төрийн халаасанд гар дүрж, ашигласан нь илэрчээ. Ийнхүү нэг нь нөгөөгөөсөө улбаалсан энэ хэрэгт ЗДТГ-ын ерөнхий нягтлан бодогч Г.Урантуяа гэдэг эмэгтэй мөн холбогдов. Тэд эрх мэдлээ хэтрүүлэн Төрийн сангийн мөнгийг зарцуулсан нь шалгалтын явцад тогтоогдсон гэнэ.
Өдгөө эдгээр хүнд холбогдох хэрэг ямар шатанд байгаа талаар тус аймгийн Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Ариунцэцэгээс тодруулахад “Хэрэг хэдхэн хоногийн өмнө манайд шилжиж ирсэн. Хавтаст хэрэгтэй танилцах ажиллагаа л эхэлж байна.
Хэдийд товлогдох нь тодорхойгүй, дахиж шалгах зүйл гарвал нэмэлт мөрдөн байцаалтад буцаахыг үгүйсгэхгүй” гэлээ.
Г.Орчлон