Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд 2011 оны эхний хагас жилийн байдлаар иргэд, байгууллагаас нийт 509 гомдол, мэдээлэл ирж, 407 гомдол, мэдээллийг шалгажээ.
Үүнээс 396 нь буюу 97.3 хувийг хуульд заасны дагуу шийдвэрлэсэн байна. Хүлээн авч шийдвэрлэсэн гомдол, мэдээллийг урьд оны жилийн эцсийн тоон үзүүлэлттэй харьцуулахад 169-өөр буюу 42.7 хувиар өсчээ. 2010 оны мөн үед гомдол, мэдээллийн 98.5 хувийг шалган шийдвэрлэж байсан бол энэ онд 97.3 хувийг шалган шийдвэрлэж, шийдвэрлэлт мөн үеэс 1.2 хувиар буурсан байна.
Хүлээн авч шалгасан гомдлын 126 нь хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг, 120 нь буюу 29.5 хувь нь шүүн таслах ажиллагааны эсрэг, 63 нь буюу 15.5 хувь нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, 22 нь буюу 5.4 хувь нь өмчлөх эрхийн эсрэг, 48 нь буюу 11.8 хувь нь албан тушаалын гэмт хэрэг эзэлж байна.
Гомдол, мэдээллүүдийн 18-д нь шүүгч, 27-д нь прокурор, 89-д нь мөрдөн байцаагч, 15-д нь хэрэг бүртгэгч, 246-д нь цагдаагийн ажилтан, 12 хэрэгт тагнуулын байгууллагын ажилтан холбогдсон байна.