Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын залуучууд болон эмэгтэйчүүд иргэд Япон улсад урт болон богино хугацаанд суралцах боломжтой боллоо. Тодорхой хэлбэл, Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газрынхан гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн Япон улсад төвтэй "OISCA MONGOLIA" төрийн бус байгууллагатай хамтарч ажиллах аж. Улмаар Даланзадгад сумын Засаг дарга Х.Батболд, "OISCA MONGOLIA" төрийн бус байгууллагын захирал Г.Нинжин нар санамж бичиг байгуулжээ. Ингэснээр байгаль орчин, хөдөө аж ахуй, боловсрол, хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төвүүд, иргэдэд зөвлөгөө өгөх, урт болон богино хугацааны сургалт зохион байгуулах, дадлагажуулах, туршлага судлах, эмэгтэйчүүд болон залуучуудын нийгэм дэх оролцоог дэмжихэд хамтран ажиллах нөхцөл бүрдэнэ. Мөн Даланзадгад сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны “Дэвшилтэт Даланзадгад” хөтөлбөрийн хүрээнд баталсан “Оюуны үр”, “Даланзадгадад үйлдвэрлэв”, “Цэмцгэр Даланзадгад” хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр болжээ.