“Зүүнбаян төмөр зам” ХХК нь Засгийн газрын 2020 оны 117-р тогтоолоор 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдаж, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих, эзэмших, ашиглах болон төмөр замын суурь бүтцийг ашиглан тээврийн үйл ажиллагаанд оролцох зорилгоор үйл ажиллагаа явуулж байна .Тус компанийн 66 хувийг “Эрдэнэс–Тавантолгой” ХК, 34 хувийг “Монголын төмөр зам” ТӨХК эзэмшдэг.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам нь Өмнөговь, Дорноговь аймгийн таван сумын нутаг дэвсгэрээр дайран нэг өртөө, зургаан зөрлөгтэй 416,1 километр урт, 27 ширхэг гүүр, 595 ширхэг хоолой бүхий Р65 зам төмөртэй, уулзвартай, гуравдугаар зэрэглэлийн төмөр зам юм.
Төмөр замын бүтээн байгуулалтад үндэсний 104 аж ахуйн нэгж оролцож, төслийн хугацаанд 10 мянга орчим хүн, 4 мянга орчим техник хэрэгсэл ашигласан. Бүтээн байгуулалтын ажил өнөөдрийн байдлаар 95 хувийн гүйцэтгэлтэй байна.
Төмөр замын доод бүтэц буюу газар шороо, хиймэл байгууламжийн ажлын ерөнхий гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний Жанжин штаб, дээд бүтцийн ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “Улаанбаатар төмөр зам” ХНН ажиллаж байна.