УИХ дахь Монгол Ардын намын бүлэг ээлжит хурлаараа хийв. Улмаар хэлэлцсэн асуудлынхаа талаар олон нийтэд мэдээлэл өглөө.
Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Энэ удаагийн хурлаар Эдийн засгийн шинэ сэргэлтийн бодлогын талаар болон КОВИД-19-ийн хууль гэж бидний нэрлэдэг хуулийн сунгах тухай асуудлыг хэлэлцлээ. МАН-ын 30 дугаар Их хурлаас Эдийн засгийн шинэ сэргэлтийн бодлогыг танилцуулсан. Уг бодлогын бичиг баримтыг төрийн бодлого болгох эдийн засгийн дунд хугацаан хөтөлбөр болон түүнийг дагалдсан 20 орчим хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж, зарчмын хувьд дэмжлээ. Уг асуудлыг энэ долоо хоногт Засгийн газраар хэлэлцэнэ. Энэ хүрээнд 47 хуулийг хэлэлцэхээс эхний ээлжид 20 орчмыг нь УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн. Энэ нь голдуу тусгай зөвшөөрөл, худалдан авалттай холбоотой хуулиуд байгаа гэв.
Мөн өмнө нь хоёр ч удаа сунгагдсан "Ковид-19"-ийн хуулийг хэлэлцсэн байна. Тус хуулийг зургаан сарын хугацаатай сунгах нь зүйтэй гэдэг шийдвэрийг бүлэг гаргажээ. Дэлхий нийтийн хэмжээнд цар тахал үргэлжилсэн хэвээр байгаа учраас эл шийдэлд хүрчээ. Өөрөөр хэлбэл, тус хуулийг 2022 оны долдугаар сарын 1-н хүртэл сунгах шаардлагатай гэж үзсэн байна.
Бүлгийн хурлаар хэлэлцсэн өөр нэг чухал зүйл нь төрийн үйлчилгээний албан хаагчдыг гэрээгээр ажиллуулах болсныг албан хаагчид болон үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд эсэргүүцэж байгаа. Тиймээс энэ асуудлыг бүлгээр хэлэлцээд Засгийн газар төрийн үйлчилгээний албан хаагчдыг 2021 онд авсан цалин, урамшууллаас бууруулахгүйгээр шийдвэрлэх шаардлагатай гэж үзлээ. Ингэснээр энэ Лхагва гарагт Засгийн газар уг асуудлыг хэлэлцээд чиглэл өгөхөөр болсон" гэв.
МАН-ын бүлгийнхэн мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
-Цар тахлын хуулийг сунгаснаар ус, цахилгааны төлбөрийг төр хариуцах зохицуулалт сунгагдах уу. Мөн энэ хуулиар сонгон шалгаруулалтгүйгээр төрийн албанд томилогддог байдлыг хэрхэн засах вэ?
-"Ковид-19"-ийн хууль бол зөвхөн төсөл, томилгоог зохицуулдаг хууль биш. Цаана нь маш олон асуудал бий. Төсөвтэй холбоотой асуудалд бид зургадугаар сарын 29-нд орсон өөрчлөлтөөр хязгаарлалт тавьсан. Өмнө нь төсвийн ерөнхийлөн захирагч хооронд зардал гүйлгэх, хөрөнгийн зардлаас урсгал зардалд шилжүүлэхтэй холбоотой асуудлыг Сангийн сайд өөрөө шийдэх боломжтой байсан. Харин одоо үүнийг заавал УИХ-аар оруулж шийддэг болсон. Томилгооны хувьд Засгийн газрын түвшинд гурван төрийн нарийн бичгийн дарга, 17 агентлагийн дарга, яам, хэлтэс, газрын 71 дарга зэрэг нийт 90 гаруй хүн түр томилгоотой байна. Үүнийг Төрийн албаны тухай хууль нийцүүлж шийдвэрлэ гэдэг чиглэл өгсөн. Цахилгаан, дулааны төлбөрийг улсын төсвөөс бус Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд шийдсэн. Тиймээс ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс иргэн, аж ахуйн нэгж өөрөө төлдөг хуучин хэлбэр рүүгээ ороод явна.
-Цар тахлын хуулийн үйлчлэлийг зургаан сунгаснаар ипотекийн зээлийн төлөлтийг хэрхэн вэ?
-Ипотекийн зээлийн хугацаа сунгах, төлөлт хойшлуулах зэрэг заалт хэвээр үргэлжилнэ.