“Ноос ирээдүй” компанийн Өвөрхангай аймаг дахь салбарын дэргэдэх “Арьс ирээдүй” компани жилд нэг сая арьс боловсруулах үйлдвэр ашиглалтад оруулснаа мэдээллээ. Монголын арьс, шир үйлдвэрлэлийн холбоо болон орон нутгийн төсвийн 2.7 тэрбум төгрөгийн дэмжлэгтэйгээр байгуулсан үйлдвэрт богийн арьс боловсруулан хөх арьс буюу олон улсын хэллэгээр ветблю бэлтгэнэ. Үүнээс гадна гүн боловсруулалтад оруулж торгон арьс үйлдвэрлэх боломж бүрдүүлсэн гэнэ. Тус үйлдвэртэй гэрээ байгуулан, хамтран ажиллах хүсэлтээ одоогоор Турк, Узбекстан, БНХАУ-ын төлөөлөгчид ирүүлсэн аж. Түүнчлэн малын гаралтай түүхий эд боловсруулахад цэвэрлэх байгууламж чухал учраас хоногт 700 шоо метр бохир ус цэвэрлэх хүчин чадалтай байгууламжийг аймгийн төсвөөс нь шийдэж өгчээ. Уг байгууламжид механик, хими, биологийн гэсэн гурван төрлийн цэвэрлэгээ хийх ба цаашид саарал усаа ашиглах боломж бүхий байгууламж барихаар төлөвлөснөө үйлдвэрийн захирал Б.Чимэдцэрэн дурдав.