Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрийг танилцууллаа. Давхар дээлтай сайд Х.Нямбаатар "Оюутолгой" төслийн хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх Ажлын хэсгийнхэн хуралдааны талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Засгийн газрын хуралдаанаар "Оюутолгой"-н хөрөнгө оруулагчаас ирүүлсэн саналыг ерөнхийд нь дэмжиж, тухайн саналуудыг УИХ-ын түр хороогоор хэлэлцүүлж, УИХ-ын 92 тогтоолыг хэрэгжилттэй холбоотой мэдээллийг УИХ-д танилцуулахаар тогтлоо.
Өчигдөр хөрөнгө оруулагчаас ирүүлсэн саналын талаар тодорхой мэдээллийг өгсөн. Одоо товчхон, ирүүлсэн саналыг хэрхэн хүлээн авсан талаар мэдээлэл хийе. Хэлэлцээ үргэжилж байгаа учраас захидлын хүрээнд ярина. Манай Ажлын хэсгээс удаа дараа тавьсан саналуудад хөрөнгө оруулагч талаас тодорхой хариулт өглөө.
Нэгд, Монголын Засгийн газрын 34 хувьд ногдох зээлийн өрийг 100 хувь тэглэх саналыг тавьсан. Өмнө ирүүлсэн саналдаа нийт зээлийн 70 хүртэлх хувийг тэглэнэ гэж байсан бол энэ удаа ирүүлсэн саналд одоо үүссэн байгаа 2.3 тэрбум ам.долларын зээлийн өрийг 100 хувь тэглэж, ирээдүйд 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй гэдгээ илэрхийлсэн.
Хоёрт, Дубайн гэрээг цуцлах боломжтой гэдгээ мэдэгдлээ.
Гуравт, далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн зардалд хөндлөнгийн аудит оруулахад бэлэн байгаагаа илэрхийлсэн.
Дөрөвт, гүний уурхай ашиглалтад орж, олборлолт эхлэх хүртэл буюу 2023 оны эхний хагас хүртэл хийх нэмэлт зардлыг хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцна. Нэмэлт босгосон санхүүжилт нь Эрдэнэс-Оюутолгой дээр өр үүсгэхгүй.
Тавд, "Оюутолгой" ХХК-ийн засаглалыг сайжруулах, гүний уурхайн төслийн хяналтыг сайжруулахад холбогдох арга хэмжээг авч, зардлыг хариуцана _гэсэн. "Оюутолгой" төслийн менежментийн зардлаас тодорхой төлбөрийг Эрдэнэс-Оюу толгойд олгоно гэдгээ илэрхийлсэн байна.
Эцэст нь, "Оюутолгой"-н хөрөнгө оруулагчид ХоӨГ-ий хүрээнд хүлээсэн үүргийнхээ дагуу Монголын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс эрчим хүч авах гэрээгээ байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлсэн. Ингэснээр манай талд ашигтай буюу Тавантолгойн цахилгаан станцыг барихад шаардлагатай хөрөнгийг гаднаас босгоход баталгаа болж байна. Засгийн газар хөрөнгө оруулагчаас ирүүлсэн саналыг хүлээн авсан.
Мөн хоёр талын хэлэлцээний үеэр эдгээр саналыг албажуулж, хоёр талаас үүсгэсэн арбитрын маргаанаа зургаан сараар хойшлуулж эвийн журмаар шийдэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдлээ. Одоо хоёр талаасаа дээрх санал, асуудлыг тусгасан 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээ, 2010 оны Хувь нийлүүлэгчдийн гэрээний үргэлжлэл болсон шинэ гэрээ хэлбэрийн бичиг баримтыг үзэглэнэ. Жишээ нь, Дубайн гэрээ буюу Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг цуцалж байгаа тухай..., Монголын Засгийн газрын 34 хувьд ногдох нийт зээлийн өр төлбөрийг 100 тухай өрийг тэглэж байгаа тухай... гэсэн хөрөнгө оруулагчдын саналыг тусгасан албан бичиг баримтыг гэрээгээр баталгаажуулна. Ажлын хэсэг өнөө маргаашдаа хуралдаж, эдгээр бичиг баримт, гэрээний төслийг хуульд нийцүүлж бэлдэнэ" гэлээ.