Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрийн хүрээнд Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар "Улаанбаатар төмөр зам" ХНН, Зэвсэгт хүчний 336 дугаар ангитай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан юм. Энэхүү гэрээний дагуу тус ангийн захирагчийн тушаалаар 200 алба хаагч хоёр ээлжээр Замын-Үүд боомтод 67 хоногийн хугацаанд ажиллалаа. Тодруулбал, Улаанбаатар төмөр замын харьяа Замын-Үүд боомтын нэг болон гуравдугаар талбайд нийт 840 чингэлэг буюу 25,253 тонн ачааг автомашинаас вагонд шилжүүлэн ачиж, манай улсын зах зээлд үүсээд байгаа түүхий эд, бараа материалын хомсдол, үнийн өсөлтийг буруулахад дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан юм.