Ардчилсан нам дотроо хоёр хуваагдаж, тус тусдаа даргатай болсон. Т.Тулгат даргатай АН-аас хэвлэлийн хурал хийлээ. Тодруулбал, олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан маргааш буюу арванхоёрдугаар сарын 10-ний өдөр тайван жагсаал зохион байгуулах аж. Ардчилсан намын дарга М.Тулгат, Нарийн бичгийн дарга О.Баасанхүү, дэд дарга Ч.Отгочулуу нар мэдээлэл өгч байна.
Ардчилсан намын дарга М.Тулгат "Ардчилсан намын “Үндэсний анхдугаар чуулган”-ийг энэ сарын 4-6-ны хооронд зохион байгуулсан. Үндэсний чуулганд нийт 1300 гаруй төлөөлөгч оролцсон. Чуулганаар намын шинэчлэл болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцсэн. Маргааш бид хүний эрхийн төлөөх нээлттэй цуглааныг хийнэ. Хүний эрхийн төлөө дуу хоолойгоо өргөж буй хүмүүс, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг хүрэлцэн ирэхийг урьж байна. МАН Их хурлаа мөн хийлээ. Хурлаар хүний эрхийн асуудлыг хөндөж байна билээ. Гэтэл МАН ковидын онцгой байдлын үеийн хуулиар далимдуулан хүний эрхийг маш ихээр зөрчсөн. Гэсэн хэдий ч алдаа дутагдлаа ойлгож хүний эрхийг хамгаалахад онцгойлон анхаарах болсон нь сайшаалтай. Хүний эрхийн чиглэлд Ардчилсан нам эрх баригч болон бусад намтай хамтран ажиллахад бэлэн байна" гэв.
Тус АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Эрх баригч нам хүний эрх хамгаална гэж лоозон барихын оронд хүний эрхтэй холбоотой хуулийн төслүүдэд хяналт тавих хэрэгтэй. Энэ асуудлаар Ардчилсан намаас таван хуулийн төсөл бэлэн болгосон. Хуулийн төслүүдийг үе шаттайгаар бүлэг дээр хэлэлцээд явна" гэлээ.