Албан тушаал эрх мэдлээ хэтрүүлсэн гэх асуудлаар ИНЕГ-ын дарга С.Батмөнхөд эрүүгийн хэрэг үүсгэсэн гэсэн мэдээлэл бидэнд ирлээ. МХЕГ-аас тус газрын санхүүгийн албанд хийсэн шалгалтаар ноцтой зөрчил илрэн, эрх мэд лээ хэтрүүлсэн нь тогтоогдсон бололтой.
С.Батмөнхийн шийдвэрээр орон сууцны хөнгөлөлтөд 2009 онд 3416,0 сая төгрөг, 2010 онд 2320,0 сая төгрөг зарцуулсны дотор ЗТБХБЯ-ны 33 албан хаагчид 565 сая төгрөг олгосон, хамтран ажилладаг нэрээр яам, төрийн захиргааны байгууллагын 28 хүнийг 14 сая төгрөгөөр шагнаж урамшуулсан аж. Түүнчлэн сургалтын зардал хэмээн их хэмжээний мөнгө бусдад олгосон байх юм.
Тухайлбал, Т.Лхагвасүрэн түүний гэр бүлийн дөрвөн хүнд зориулан 13000, Н.Болдбаатарт 20480, Австралид магистрийн зэрэг хамгаалахаар явсан Ц.Батад гэр бүлээрээ зорчих замын зардалд 4800 ам.доллар олгожээ. АТГын Мөрдөн шалгах хэлтсээс энэ талаар тодруулахад “Мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариу өгсөн ч тодорхой арга хэмжээ авч эхэлсэн гэдгийг эх сурвалж хэлэв.
Х.ОЮУН