Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон багийн “Дөрөлж нуур” гэдэг газарт шатахуун ачсан чиргүүлтэй автомашин “Дөрөлж” нууранд живсэн талаар өмнө нь бид мэдээлсэн. Аймгийн төвөөс баруун хойд зүгт 144 км, сумын төвөөс зүүн урд зүгт 13 к-т гарсан уг осол арванхоёрдугаар сарын 1-нд гарсан юм. Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Ё.Пүрэвсүрэнгээр ахлуулсан алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд “ZZ1257 Хово” загварын шатахуун тээвэрлэгчийг татан гаргах ажиллагааг арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн 09.30 цагаас 18.00 цаг хүртэл зохион байгуулсан ч хараахан гаргаж чадаагүй байна. Улмаар өнөөдөр 08.30 цагт ажиллагааг дахин эхлүүлжээ. Нуурын мөсний зузаан 60 см, усны гүн нь 3.1 метр аж.