Хан-Уул дүүргийн XI хороонд түр оршин сууж байгаа гадаадын иргэнийг гэгээн цагаан өдрөөр гэрт нь дайран орж дээрэмдсэн хэрэг уржигдар гарчээ. Нидерланд улсын иргэн Бандермер Жакоб гэдэг хүн манай улсад түр оршин суух визээр орж ирж, тус хороонд байр хөлслөн амьдарч байгаа юм байна.
Энэ сарын 4-ний 11.30 цагийн үед түүнийг гэртээ байхад нэг залуу хаалгыг нь тогшин орж ирээд эд зүйлийг нь дээрэмдээд зугтжээ. Тэрбээр Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн ажилтнуудад өгсөн тайлбартаа “Танихгүй залуу хаалга тогшсон. Орж ирээд ямар нэг ойлгомжгүй зүйл ярьж байгаад “Iphone” загварын гар утас, зөөврийн хард диск, бор өнгийн илгэн хэтэвч, 500 юань, 30 мянган төгрөг, 80 еврог маань авч зугтсан” гэжээ.
Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн сэжигтэн этгээдийн ам зургийг гарган, эрэн сурвалжлах ажиллагаа явуулж байна.
Г.РАВЖАА