Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 23 дугаар хуралдаанаар хоёр улсын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, байгаль орчин, боловсролын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцон, ойрын жилүүдэд хэрэгжүүлэх томоохон арга хэмжээнүүдийг тохиролцож, дүнгээр нь Протокол байгуулав. Тодорхой хэлбэл, ОХУ-ын Засгийн газрын шадар сайд Виктория Абрамченко Монголд айлчлаад Засгийн газрын хоорондын тохиролцооны протоколд гарын үсэг зураад буцлаа.
Харин судлаачид энэ протолд хоёр талын эрх тэгш байдал алга хэмээн дүгнэв. Тулайлбал, Хөгжлийн эдийн засагч, судлаач Ц.Лут-Очир "Оросууд усан цахилгаан станц барихыг дэмжихгүй, дутагдаж байгаа эрчим хүчээ биднээс ав, Хөшигтийн хөндийн онгоцны буудлын түлшийг бид нийлүүлнэ, БНХАУ руу явах хийн хоолойг Монголоор дайруулна, та нарт бас зарна. Бидний эрх ашгийг хамгаалсан заалт огт алга. ОХУ бидэнд тавьсан гаалийн өндөр тариффыг буулгах, худалдааны алдагдлыг нөхөх тухай дурссангүй. Ийм тэгш бус байдалтай нөхцөлд хийн хоолойг нутгаараа явуулахыг зөвшөөрөх шаардлагагүй. Эрчим хүчээр мөнхийн хараат сууна гэж юу байхав. Нүүрсээ нэрээд бензин гаргах, эрчим хүчтэй болох боломж зөндөө бий. Гаднаас байгалийн хий худалдаж авснаар дотоодын эрчим хүчний үйлдвэрлэл ерөөсөө хөгжихгүй, мөнхийн хараат байдалтай л үлдэнэ. Манай талаас үндэстэй тооцоо судалгаа хийгээд, тэрийгээ тайлбарлаад, тууштай тулж хэлэлцээр хийж харагдсангүй. Хэвлэлээр нэг ч үг гаргаагүй. Мэргэжлийн экспертүүд байхгүй, үл мэдэгчид эрх мэдэлд хүрсний гай юм даа" хэмээн дургуйцлээ илэрхийллээ.