Улсын хэмжээнд 300 гаруй жолооны курс үйл ажиллагаа явуулдаг. Тэдний 130 орчим нь нийслэлийн иргэдийг жолооч болгодог байна. Жолооны хэдэн курс эвлэлдэн нэгдэж, “Авто сургуулиудын нэгдсэн холбоо” байгуулан, зохион байгуулалттайгаар сургалтын төлбөрөө нэмснийг хууль хяналтын байгууллагынхан илрүүлжээ.
Иймээс холбооны удирдах зөвлөлд багтдаг “АнхОд”, “Ин Чо”, “Батхүлэг”, “Сүүб”, “Оба”, “Эрдэнэ-Уул” зэрэг жолооны курсийг өмнөх жилийнх нь орлогын зургаан хувиар торгосон байна. Тодруулбал, B ангиллаар сурахад 180 мянган төгрөг байсныг 280 мянга, BC ангилал нь 360 мянга байсныг 460 мянга болгон, үндэслэлгүйгээр үнээ нэмжээ. Тэгэхээр иргэд энэ байдлаар хохирсон гэж үзвэл хуулийн байгууллагад хандан, хохирлоо барагдуулах боломжтой гэнэ. Мөн иймэрхүү аргаар үгсэн хуйвалдаж бусдыг хохироож байгаа талаар мэдээлбэл нууцыг чанд хадгалан, тухайн компанийн орлогын таван хувиар шагнах хууль байдаг аж.