Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа Засгийн газрын хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийг танилцуулав.
Тэрбээр "Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх ажлын хэсгийн мэдээллийг Засгийн газар сонссон. БНХАУ-аас бараа бүтээгдэхүүнийг татахдаа төмөр зам болон агаарын замаар татаж байна. Цаашдаа хилийн “0” цэг дээр дулаалгатай чингэлэг солилцох байдлаар зохион байгуулахаар ажиллаж буй. Мөн тус ажлын хэсгийн мэдээлснээр хүнсний нарийн ногооны нийлүүлэлт тогтворжиж, үнэ буурч байгаа" гэсэн юм.
Ургац хураалтын урьдчилсан дүнгээр нийт 404.3 мянган га газраас 605.6 мянган тонн үр тариа, үүнээс 376.2 мянган га газраас 567 мянган тонн улаан буудай, 18.5 мянган га газраас 181.5 мянган тонн төмс тус тус хураан авчээ. Үүнийг өнгөрсөн оны ургац хураалттай харьцуулахад өссөн үзүүлэлт аж.
Өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг товч хэлбэрээр хүргэж байна.
- ОХУ-ын Засгийн газрын орлогч А.Л.Оверчукийн Монгол Улсад хийсэн айлчлалын дүнг танилцуулж, айлчлалын мөрөөр холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Гадаад харилцааны сайдад даалгалаа. Айлчлалын үеэр төмөр зам, эрчим хүч, хийн хоолойн төсөл, хөдөө аж ахуй, цахим засаглалын салбар дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцож, тулгамдсан асуудлыг ойрын үед шийдвэрлэхээр тохиролцсон нь шинэ зууны сайн эхлэлийг тавих таатай нөхцөлийг бүрдүүллээ гэж үзэж байна.
- Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр 2021 оны арванхоёрдугаар сарын 5-10-нд БНСУ-д ажлын айлчлал хийнэ, мөн энэ үеэр зохион байгуулагдах НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч орнуудын Батлан хамгаалахын сайд нарын уулзалтад оролцоно.
- Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах “ЭрдэнэсТавантолгой” ХК-ийн нүүрсний уурхайн хамгаалалтыг хэрэгжүүлж байгаа Дотоодын цэргийн салбарыг Дотоотын цэргийн анги болгон өөрчлөн зохион байгуулахаар шийдвэрлэв.
- Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Серби Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг батлав.
- Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 23 дугаар хуралдаан 2021 оны арваннэгдүгээр сарын 25-26-нд Улаанбаатар хотод болно.