Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцууллаа. УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү энэ үеэр "Улбар шар"-аас "Шар" түвшинд шилжвэл ямар өөрчлөлт гарах талаар мэдээллийг өгсөн юм.
Тэрбээр “Манай улсад халдварын тоо тогтмол буурч байна. Үүнд вакцины III тун идэвхтэй хийж буйтай холбоотой. Бусад улс орнуудад вакцины үйлчлэлийн нөлөө суларч байгаагаас томоохон давлагаа гарах нөхцөл байдалтай байна.
Манай улсын зорилтот бүлгийн 50 хувь нь вакцины III тунд хамрагдвал “Улбар шар” бүсээс “Шар” бүсэд шилжихээр шийдсэн. УОК-оос анх цар тахлын тархалтын түвшинг “Улаан”, “Улбар шар”, “Шар”, “Ногоон” гэсэн дөрвөн өнгөөр ялган тогтоосон. Энэ үед вакцинжуулалт хийгдээгүй байсан. Харин одоо нөхцөл байдал өөр болсон учраас түвшингүүдэд өөрчлөлт оруулах ажлын хэсэг ажиллаж байна.
Энэ өөрчлөлтын дагуу “Шар” түвшинд шилжсэнээр ААН, байгууллагуудад тавигдаж буй хязгаарлалтуудыг сулруулна. Жишээ нь, одоо үзвэр үйлчилгээ арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэй явуулж байгаа бол “Шар” түвшинд шилжсэнээр энэ хязгаарлалт тавихгүй болно. ААН-үүдэд хүндрэл учруулж байгаа Хариуцлагын гэрээний зарим заалтуудыг байхгүй болгоно. Зарим тохиолдолд Хариуцлагын гэрээ хийхгүй болно гэх мэт нарийвчилсан зохицуулалтыг хийж, ирэх долоо хоног Засгийн газарт танилцуулна.
Халдварын түвшинг “Ногоон” биш “Шар” түвшинд энгийн амьдралдаа хурдан хугацаанд шилжихээр зорин ажиллаж байна. Үүнд тавьж буй хамгийн гол шалгуур бол вакцины III тундаа хамрагдах юм. Ингэснээр хязгаарлалт тавихгүй байх, амьдрал үйл ажиллагааг хэвийн явуулах боломжтой болно” гэлээ.