Сүүлийн үед эмэгтэйчүүд хүнд, ноцтой гэмт хэрэгт холбогдох нь ихэссэн. Сүхбаатар дүүрэгт хоёр эмэгтэй баг зүүж гэгээн цагаан өдөр нэгэн компанид халдан орж их хэмжээний мөнгө дээрэмдсэн хэрэг гарсан. Гэмт хэрэг үйлдсэн эмэгтэйчүүд өнөө хүртэл олдохгүй байгаа. Гэтэл саяхан Хан-Уул дүүрэгт айлын гэрийг нэгэн эмэгтэй шатаажээ.
Тус дүүргийн XVI хорооны нутагт байх нэг залуугийн гэрийг Г гэх эмэгтэй бензин цацаж шатаасан гэнэ. Тус дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн галын шинжээчийн дүгнэлт гаргуулахаар холбогдох байгууллагад хандаад байгаа аж. Мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн эмэгтэй гэрийн эзэн залууг бусадтай хардсанаас хэрэг гарсан гэнэ.