Нийслэлийн Чингэлтэй дүүргийн XIX хорооны нутаг, Тахилтын нэгдүгээр гудамжинд өчигдөр үүрээр 06.00 цагийн үед онц ноцтой хэрэг гарлаа.
Зургадугаар сарын 27. Эрхэлсэн ажил, сургуульгүй, 25 настай Э эхнэр Н-тэйгээ маргалдаж, улмаар гэргий нь хүүхдээ аваад эцэг эхийнх рүүгээ явжээ. Н гэртээ харилгүй гурав хонож, энэ хооронд Э хадам ээжийнхээ утас руу залгаж, эхнэртэйгээ ярихыг оролддог байж. Гэвч эхнэр нь “сална” гэж хэлээд дахиж ярихыг хүсээгүй агаад хадам ээж Б нь загнан, яриулдаггүй байсан гэнэ.
Зургадугаар сарын 30-ны 03.00 цаг. Э эхнэртэйгээ ярилцаж учраа ололцоно гээд нэг шил архи уужээ. Архины халуунд зориг орсон тэрбээр хадмындаа ирсэн байна. Байшингийнх нь араас хашаа давж, дээвэр дээгүүр явж, тагтаар дамжин гэрт орсон гэнэ. Мөн нохойноос өөрийгөө хамгаалах зорилгоор амьсгал боогдуулагч хий авч очсон бололтой.
06.22 цаг. “Тахилтын гудамжинд хүн хутгалуулчихлаа, цагдаа дуудаад өгөөч” гэсэн дуунаар хөршүүд нь Шуурхай мэдээлэл, удирдлагын төвийн 102 дугаарын утсанд ханджээ. Дуудлагын дагуу Нийслэлийн хөдөлг өөнт эргүүлийнхэн хэргийн газарт очсон байна. Гэтэл Э эхнэр, дөрвөн настай охин, эхнэрийнхээ охин дүү нарт хутга тулган цагдаагийн алба хаагчдыг сүрдүүлж эхэлсэн байна. Хөдөлгөөнт эргүүлийн алба хаагчид энэ хооронд төв рүүгээ мэдээлэл дамжуулж, нэмэлт хүч дуудсан ажээ. Үүний дагуу ЦЕГ-ын даргын тушаалаар ЭЦГ, УМБГ, НЦГ болон ЦЕГын III тусгай хэлтсийн алба хаагчдаас томилогдсон Ажлын хэсэг хэргийн газарт очив.
08.15 цаг. Цагдаагийнхан гэмт этгээдтэй яриа хэлцэл хийж эхэлсэн байна. Энэ үед Э цагдаагийнхнаас автомашин, гурван сумтай буу өгөхийг шаардсан аж. Хэлцэл хийж байх хооронд Тусгай хэлтсийн ажилтнууд сэжигтнийг саатуулах ажиллагаа явуулж, Э-г барьцаанд байгаа гурван хүндээ гэмтэл учруулахаас өмнө зогсоож, барьцаалагдсан иргэдийг чөлөөлжээ.
09.00 цаг. Гэмт этгээдийг саатуулсан цагдаагийн алба хаагчид Э-г УМБГ-ын Онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн алба хаагчдад хүлээлгэн өгч, мөрдөн байцаагч нар хэргийн газрын үзлэг хийж эхлэв. Гэмт хэрэгтэн хадам эх 45 настай Б-гийн амь насыг хутгалж хөнөөгөөд, хадам аав, хадам дүү, талийгаачийн ээж 85 настай Б нарыг мөн хутгалж гэмтэл учруулсан байв. Шархдагсдыг Яаралтай тусламжийн төвийн машинаар эмнэлэгт хүргүүлж, амиа алдсан хүнийг Шүүх эмнэлгийн шинжилгээ хийлгэхээр эмнэлгийн машинууд авч явлаа.
11.00 цаг. Гэмт этгээдийг саатуулсан цагдаагийн алба хаагчид хэргийн газрын үзлэгээ дуусгаад хашааг нь дотроос нь цоожлон явцгаасан юм. Манай сурвалжлах хэсгийг Чингэлтэй дүүргийн XIX хорооны нутаг, Тахилтын нэгдүгээр гудамжинд очиход хэргийн газрыг хамгаалсан цагдаагийн алба хаагчид бууцгааж байсан юм. Хэрэг “Энх наран” хүнсний дэлгүүрийн хашаан дотор байрлах хоёр давхар сууцанд болжээ. Гэмт этгээд сууцны тагтны цонхыг хагалж орсон гэнэ. Түүнээс гадна тусгай хэлтсийнхэн ч цонхоор дамжин орсон бололтой ихэнх цонх нь хагархай харагдав.
Сэжигтэн Э амьсгал боогдуулагч хийгээ бүгдийг цацаад савыг нь хашааны хөндөл модон дээр орхиж байшин руу авирсан бололтой ул мөр байсан юм. Түүгээр зогсохгүй хэргийн газрын орчимд ирээд зоригоо чангалах гэсэн бололтой “Алтан түрүү” архи уугаад, шилийг нь хашааны ёроолд орхисон байв. Хашааны гадна талд энэ хэрэгт холбоотой эсэх нь тодорхойгүй “Баяраа намайг уучлаач” гэсэн бичгийг 2-3 газар наасан байв. Хашааны гадна 45-84 УВА улсын дугаартай “Сүзүки” маркийн суудлын автомашин, хашаан дотор 70-74 УБС дугаартай жийп байсан нь хохирогчдын эзэмшлийнх юм байна.
Болсон явдлын талаар хөршүүд нь “Өглөө сэрэхэд л цагдаагийнхан ирээд бужигнаж байгаад явсан. Чухам юу болсныг мэдээгүй. “Энх наран” дэлгүүрт хулгай орсон юм болов уу гэж бодсон” гэх ажээ. 15.30 цаг. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс сэтгүүлчдэд энэ ноцтой хэргийн талаар товч мэдээлэл өглөө. Тус төвийн дарга, хурандаа Т.Сайнжаргал “Гэмтсэн хүмүүс гэрээс зугтан гарч, ойр хавийн хүмүүсээс цагдаа дуудаж өгөөч гэж гуйсан юм билээ. Сэжигтэн Э цагдаагийнхныг очиход эхнэр, хүүхэд, дүү нараа “ална” хэмээн заналхийлж, “Сумтай буу, автомашин авчирч өг” гэж шаардсан байна.
Сэжигтний үйлдлийг таслан зогсоож баривчлах үедээ тусгай хэлтсийн алба хаагчид галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглээгүй. Бага насны хүүхэд байсан болохоор тусгай хэрэгсэл хэрэглэх боломжгүй” гэсэн юм. Энэ мэдээллийн дараа УМБГ-т очиход тус газрын II хэлтсийн мөрдөн байцаагч нар сэжигтэн Э-гийн хувийн байдлыг тогтоохоор ажиллаж байв. Бидэнд олдсон мэдээллээр Э нь архи огт уудаггүй нэгэн бөгөөд хадмындаа очих үедээ зоригоо чангалах гэж нэг шил архи ганцаараа уусан гэнэ. Тэрбээр урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй аж.
Г.РАВЖАА