Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн баасан гарагт МУИС-ийн номын санд байрлаж буй вакцинжуулалтын түр цэгийн үйл ажиллагаатай танилцаж, оюутан, залуусыг нэмэлт тундаа хамрагдахыг уриаллаа. Судалгаагаар 18-40 насныхан гуравдугаар тунд хамрагдах идэвх сул байгаа тул их, дээд сургуулиудад явуулын цэг ажиллуулж буй юм.
Ерөнхий сайд “Коронавирусийн дельта хэлбэрийн халдварын дөрөв дэх давлагаа зарим улс оронд эхэлж, манай хоёр хөршийн нөхцөл байдал ч амар биш байна. Монгол Улсын хувьд вакцинжуулалтаа цаг алдалгүй хийсэн учраас одоогоор хатуу хөл хорио тогтоогоогүй. Тиймээс ч хичээлийн шинэ жилээ эхлүүлсэн. Халдварын тохиолдол буурч, эмнэлгийн ачаалал тодорхой хэмжээнд багасаж байна. Эхний хоёр тун вакцины үйлчлэл багасах үед гуравдугаар тунг хийлгэх нь маш чухал. Үүний үр дүнд бид энгийн амьдралдаа үе шаттайгаар шилжиж чадна” гэв.
Вакцинжуулалтын түр цэгт өмнөх өдөр нь 600 гаруй оюутан дархлаажуулалтад хамрагджээ. Өнгөрсөн долоо хоногт МУИС, АШУҮИС, ХААИС, энэ долоо хоногт ШУТИС, МУБИС-д вакцинжуулалтын түр цэг ажиллуулах юм байна. Их, дээд сургуульд вакцинжуулалтын түр цэг ажиллуулснаар хамрагдах хувь эрс нэмэгдэж байгааг Эрүүл мэндийн сайд С.Энхболд энэ үеэр хэлж байлаа. Эдгээр цэгт зөвхөн оюутнууд төдийгүй багш, ажилтан, иргэд ч дархлаажуулалтад хамрагдах боломжтой аж. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дархлаажуулалтад хамрагдсан оюутнуудын төлөөлөлтэй уулзах үеэрээ “Цар тахал өдрөөс өдөрт буурч байгаа нь ид шид бус, вакцины үр дүн. Тиймээс вакциндаа хамрагдах нь та, бидний хамтын хариуцлага юм” хэмээн онцлоод, “Вакцинжуулалтын үр дүнд эдийн засгаа үе шаттайгаар тэлж чадна. Цаашлаад дэглэмийг бууруулж, шар түвшин рүү орж чадвал нийгмийн бухимдал арилна. Харамсалтай нь, гуравдугаар тунд хамрагдах залуусын идэвх сул байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас эл цар тахал бидэнтэй урт хугацаанд зэрэгцэн орших нь тодорхой гэдгийг хэлж байгаа. Тиймээс цаашид жилд нэг удаа вакцин хийлгэдэг, эм, бэлдмэл гарвал ууж, хэрэглэдэг хэв маяг руу шилжих нь. Монгол Улсад халдварын тохиолдол буурах тусам хил нээгдэж, инфляцтай холбоотой саад, бэрхшээл арилна. Оюутан, сурагчид маань зөвхөн өөрийн эрүүл мэндийг хамгаалаад зогсохгүй найзууддаа сурч боловсрох эрх, улс орны эдийн засаг, аж ахуйн нэгжүүдийг ажиллах боломжоор хангаж байгаа хэмээн хариуцлагатай хандаж, гурав дахь тунд идэвхтэй хамрагдаарай” гэсэн юм.
Бэлтгэсэн Б.Уран