Дарга нар нь хорих ялаар шийтгүүлсэн ч АТГ-ынхан мөрдөн шалгах, хөрөнгө орлогын мэдүүлэг хүлээн авах, хянах зэрэг хуулиар хүлээсэн үүргээ хэвийн явуулж байна. Тус газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийнхэн төрийн алба хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг хүлээн авч, заримд нь шалгалт хийжээ. Өдгөө тус газрынхан ЦЕГ, УМБГ болон Аудитын газар зэрэг гурван байгууллагын 600 ажилтны хөрөнгө орлогын мэдүүлгийг хянаж байгаа гэнэ.
Тус хэлтсийнхний хийсэн шалгалтаар Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын гурав, Усны газрын нэг албан тушаалтан хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн тул энэ хүмүүст хариуцлага тооцуулахаар дээрх байгууллагуудын удирдлагад албан бичиг хүргүүлээд байгаа аж. Түүнчлэн Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч, Дорноговь аймгийн нэг сумын Засаг дарга хөрөнгө орлогын мэдүүлгээ худал мэдүүлсэн нь шалгалтаар илэрч, АТГ-аас дээд албан тушаалтанд нь хандсаны дагуу тэдэнд хуульд заасан арга хэмжээ авчээ.
Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч Ш.Сериктес хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн тухай гомдол орон нутгаас АТГ-т ирсэн аж. Үүний дагуу тус газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс шалгахад тэрбээр хөрөнгө орлогынхоо эх үүсвэрийг тодорхой тайлбарлаж чадаагүй гэнэ. Мөн тус аймгийн Дэлүүн сумын ИТХ-ын дарга Х.Нурбат, тус сумын Засаг даргын орлогч М.Абужалел нар хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн нь тогтоогдсон байна.
Г.РАВЖАА