БНСУ-ын талаас Улаанбаатар,Сөүлийн хооронд нэмэлт нислэг хийх МИАТ компанийн эрхийг хаасан талаар хэвлэлээр мэдээлсэн. Энэ тухай БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Чой Жин Вон тайлбар өглөө.
-БНСУ-ын ЭСЯ нь хоёр улсын иргэд хоорондын харилцааг нэмэгдүүлэх үүднээс нислэгийнхээ тоог олшруулж, иргэд хоорондоо хямд үнээр зорчих ёстой гэсэн байр суурьтай байдаг. Цаашид ч энэ байр сууриа хадгалж болно. Монгол, БНСУ хоёр дипломат харилцаа тогтоогоод 20 жил боллоо. Ойн хүрээнд өнгөрсөн жил Монгол дахь Солонгосын жил, энэ онд Солонгос дахь Монголын жилийг тэмдэглэж байна. Солонгосын агаарын тээврийн холбогдох байгууллага МИАТ компанийн нэмэлт нислэгийг зөв шөөрөхгүй байгаа нь хоёр шалтгаантай.
Тухайлбал, манай хоёр орны хооронд зорчдог иргэдийн тоо жилд 40 мянгаас хэтрэхгүй байгаад сэтгэл дундуур байдаг. Иймээс олон тооны зорчигчийг тав тухтай, хямд үнээр зорчих боломжийг нээх үүднээс Солонгосын тал шинэ авиа компанийг оруулж ирэх шаардлагатай болсон. Нөгөөтэйгүүр анх 1990-ээд оны эхээр хийсэн “Хоёр улсын агаарын хэлэлцээр”-т Солонгосын талаас нэгээс хоёр авиа компани нислэг үйлдэх боломжтой гэсэн заалт байгаа. 2005 оноос тогтмол нислэгийн тоог нэмэгдүүлэн, долоо хоногт найман удаа болгож, цаашид ч нэмэх талаар хоёр талын Засгийн газарт хүсэлтээ тавьсаар байгаа. 2005 оноос зуны улиралд зорчигчдын тоо тогтмол нэмэгдэж ирсэн. Энэ байдлыг харгалзан, нэмэлт нислэгийг зөвшөөрсөн. Агаарын хэлэлцээрт энэ талаар огт тусгагдаагүйг ойлгох хэрэгтэй.
-Нэмэлт нислэгийг зогсоосноор Монголын нислэгийн компанийг зах зээлээс шахан гаргах гэж байна гэсэн хардалт байна л даа?
-Тийм ойлголт байгааг үгүйсгэхгүй. Энэ бол огт үндэслэлгүй зүйл. Хоёр орны хооронд зорчих зорчигчдын тоо нэмэгдэнэ гэдэг хоёр орны хөгжил, эдийн засгийн эргэлтэд мэдээж эерэг нөлөөтэй. Шинээр авиа компани оруулж ирснээр МИАТ компани долоо хоногт найман удаа нислэг үйлддэгээрээ үйлдэж, Солонгосын тал ч найман удаа нислэг хийнэ. Энэ нь нислэгийн тоонд өөрчлөлт орохгүй, “Кореан эйр” компани, хоёрдогч компанитайгаа хувиараа хуваах юм. Гол нь шинэ онгоц хоёр дахин олон хүний суудалтай, тав тухтай хямд байх талтай. Үнэнийг хэлэхэд одоогийн нислэгийн тариф яг ижил хэмжээтэй газарт зорчдог үнээс хоёр дахин өндөр байна. Тиймээс манайхан нэмэлт биш тогтмол нислэгийг чухалчилж байгаа. Түүнээс шахаж хавчсан бодлого алга.
-Солонгосын хоёрдогч авиа компанийг оруулж ирэхийг зөвшөөрлөө гэж бодъё. Тэгвэл МИАТ-ын өндөр өртөг төлж авчирсан онгоцоор үйлчлүүлэх зорчигчдын тоо буурах юм биш үү?
-Үгүй. Нислэгийн аль компанийг сонгох нь хувь хүний эрх. Солонгосчуудад “Кореан эйр” компанийн онгоцоор үйлчлүүлэхэд цаг нь их тохиромжгүй байдаг учраас МИАТ-ыг сонгодог. Энэ бүхнийг эерэг талаас нь ойлгохыг хүсэж байна.
О.НАМЧИН