Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан өчигдөр болж, аймаг, нийслэлийн Засаг дарга нар оролцлоо. Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах ажилд Засаг дарга нар манлайлан оролцохыг Ерөнхий сайд энэ үеэр уриалав. Улмаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тогтоолыг баталж, хэрэгжилтийг шуурхай хангахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасан юм. Эл тогтоолын хэрэгжилтийн явцыг хагас жил тутам нэгтгэж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх юм байна. Тус хуралдаанд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар оролцож, Засгийн газрын халамжийн болон хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг “Тэрбум мод” хөдөлгөөнтэй уялдуулах хэрэгтэйг хэлсэн. Тэрбээр “Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөдөлгөөнийг Засгийн газар дэмжиж, манлайлал үзүүлж байгаад талархаж байна. Энэ бол төрийн бодлого бүх шатандаа нэгдмэл байгаагийн илрэл. Нийслэл, аймаг бүр орон нутгийнхаа ойн салбарын зөвлөгөөнийг зохион байгуулах шаардлагатай. Аймаг, сумын ИТХ-ыг тусгайлан хуралдуулж, хаана мод тарих вэ гэдгээ тодорхой болгож өгөхийг хүсэж байна. Хоёрдугаарт, 1000 сургагч багш бэлтгэх нь их чухал. Хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага бас бий. Үндэсний хөдөлгөөнийг дагаж иргэдийг урамшуулах асуудал шийдэгдэх байх” гэлээ. Мөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж “Тэрбум мод тарих нь их ажил шаардаж, зардал тооцоо ч нэлээд гарах юм шиг байна. Аймаг, нийслэлийн дарга нарт хэлэхэд, мод тарих яах вэ, хавар, намартаа бужигнаад л өнгөрдөг. Хамгийн чухал нь арчилгаа, усалгаа. Олон жил мод тарих гэж оролдсон. Тарьсан мод нь дараа хавар, намартаа үхчихдэг. Ийм юм болох вий. Үүнийг давтахгүйн тулд мэргэжлийн хүмүүс сайн ажиллах шаардлагатай. Монголын нөхцөлд ямар мод тарих вэ гэдгээ Н.Уртнасан сайд сайн бодох л хэрэгтэй. Мөн тэрбум модыг хаана тарихаа тооцоолох ёстой. Говийн аймгийн дарга нар ямар мод ургадаг зэргийг нь сайн судалж, тарих учиртай” хэмээж байлаа.
НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖСЭН, ЦАХИМ ШИЛЖИЛТ ХИЙСЭН АЙМАГТ ТӨСВИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ НЬ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хог, хаягдлаа бууруулж, ногоон хөгжлийг дэмжсэн, цахим шилжилт хийсэн аймагт 2023 оны төсөвт нь дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийслэлийн хог хаягдлын салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөвийн талаар мэдээлэхдээ “Улаанбаатарт хог хаягдлын төвлөрсөн цэг гурав бий. Хог боловсруулах 36 үйлдвэр байгаагаас дөрөв нь цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан үйл ажиллагаа нь саатсан. Хог хаягдлыг дарж, булах зардал 2006 оноос өнөөг хүртэл өөрчлөгдөөгүй. Тонн тутамд 2080 төгрөг байгаа. Хог шатаах үйлдвэртэй болчихвол булах, хуучин технологийг халаад зогсохгүй шинэ тогтолцоо үүснэ. Манай улс нийт хог хаягдлынхаа 90 хувийг булж байгаа. Хойшид булах газаргүй болох нь. Тиймээс ногоон технологи ашиглаж, ландфилийн аргаар булах ажлыг хийж хэрэгжүүлж байгаа. Цэвэрлэгээ, тээвэрлэлтийг тохижилт, үйлчилгээний 24 компани хариуцан ажилладаг. Тэдгээрийн 16 нь аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар хэлбэрээр ажиллаж буй бол найм нь хувийн хэвшлийнх. Хог тээвэрлэлтэд 24, ландфилд хоёр тэрбум төгрөг төлөвлөн зарцуулдаг. Цаашид ийм байдлаар удаан явахгүй. Улаанбаатарын хогийн төвлөрсөн цэгүүдэд ландфил байгуулна. Манай иргэд хогоо ангилан ялгах соёлд суралцаагүй. Энэ нь хотын соёлд бүрэн суралцаагүй гэсэн үг. Гудамжинд шүлс, нусаа хаядаг, хүнд, хөнгөнөөр бие засдаг, тамхины ишээ цонхоороо гаргаж шиддэг байж таарахгүй. Улаанбаатар хотын иргэд дүрэм, стандартад хашигдаж, хуулиа мөрддөг байх ёстой. Тиймээс хөдөө, орон нутгаас ирж буй хүмүүсийг хотжих соёлд сургаж, соён гэгээрүүлэх ажлыг хийнэ. Нэг, хоёр бус, 3-5 үе аж төрж байж хотожсон иргэн төлөвшдөг. Ундааны сав, тамхины ишээ машиныхаа цонхоороо шидчихдэг иргэдэд 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хуулийн дагуу арга хэмжээ авч эхэлнэ. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиар тодорхой эрх мэдлүүд нийслэлийн удирдлагад шилжиж ирсэн” гэв.
БАЯН-ӨЛГИЙ, БАЯНХОНГОР, ГОВЬ-АЛТАЙ, СЭЛЭНГЭ, ТӨВ, УВС АЙМАГТ ӨВС, ТЭЖЭЭЛИЙН НӨӨЦ ХАНГАЛТГҮЙ БАЙНА
Өвс, тэжээлийг нөхөн бүрдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болголоо. Тэр дундаа бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн нөөц нь хангалтгүй байгаа Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Сэлэнгэ, Төв, Увс аймгийн удирдлагад онцгойлон анхааруулав. Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангасан талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан танилцуулсан. Улмаар мал, амьтны гоц халдварт шүлхий, бог малын мялзан, хонины цэцэг, үхрийн арьс товруутах өвчин илрээд буй аймгуудын нутаг дэвсгэрт өвчнийг бүрэн хяналтад авах, устгах, тэмцэх арга хэмжээний бэлэн байдлыг эрчимжүүлж, мэргэжлийн байгууллагуудад бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахыг холбогдох аймгийн Засаг дарга нарт даалгалаа. Улсын хэмжээнд мал, амьтны гоц халдварт өвчний тархалт их байгаа. Иймд урьдчилан сэргийлэх тарилгад бүрэн хамрагдсан малыг улсын тусгай хэрэгцээний, аймаг дундын отрын бүс нутаг, хилийн зурвас болон улсын тусгай хамгаалалттай газарт отроор өвөлжүүлж, хаваржуулах ажлыг мэргэжлийн байгууллагууд хамтран зохион байгуулахыг Засаг дарга нарт даалгасан юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ирэх оны нэгдүгээр сараас эхэлж Ерөнхий сайд Засаг дарга нарт шууд хариуцлага тооцдог эрх зүйн орчин үйлчилнэ. Өнгөрсөн хугацаанд өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлээгүй 32 хүн ажлаасаа халагдсан. Нэр, усыг нь зарлахгүй л байгаа болохоос авлига, албан тушаалын 87 хэргийг эцэслэн шийдсэн. Би хэлсэн үгийнхээ хойноос тууштай явдаг, хэлээд мартчихдаггүй. Өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлж чадахгүй бол сайд нараа ч өөрчилнө. Эрх барьж байгаа намын даргын хувьд энэ асуудлыг УИХ-ын түвшинд ч ярина. Орон нутагтаа хийх та бүхний эхний ажил бол хогтой холбоотой асуудлаа шийдвэрлэх. Хогоо цэвэрлэж чадахгүй бол бусад асуудлаа шийдэж чадахгүй гэсэн үг. Засаг дарга нар орон нутгаа удирдах ёстой. Юм болгонд УИХ-ын гишүүдийг оролцуулаад байж болохгүй. Тиймээс Засаг дарга нарт шат дараатайгаар эрх мэдлийг нь олгоно. Та бүхний эрх мэдэл нэмэгдэхийн хэрээр Засгийн газрын хяналт өндөрсөнө гэсэн үг” гэлээ.
Цар тахлын нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд тус хуралдаанд танилцуулсан. Халдварын тохиолдлын тоо буурч байгаа хэдий ч тайвшрах болоогүйг тэрбээр тодотгоод, ОХУ, Европын зарим улсад цар тахлын дөрөв дэх давлагаа эхэлснийг дурдлаа. Тэрбээр “Европын Холбооны зарим улсад нэмэлт тунд хамрагдсан иргэнийг олон нийтийн газар зорчих эрх олгох зэргээр арга хэмжээ авч байна” гээд гуравдугаар тунд хамрагдах иргэдийн идэвхийг сэргээж, эрчимжүүлэхийг хүслээ.
Бэлтгэсэн Б.Уран