Өнгөрсөн өдрүүдэд нийт нутгаар бороо орж, гол мөрний усны төвшин нэмэгдсэн. Ирэх долдугаар сард дуу цахилгаантай бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа. Гэсэн хэдий ч иргэд болгоомжгүйгээсээ усанд осолдох явдал гарсаар байна. Өчигдөр Туул голд хоёр хүн живлээ гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу Аврах бүлгийг гаргаж, эрлийн ажиллагаа явуулахад Баянзүрхийн гүүрнээс 100 орчим метр зайтай газраас живсэн хоёр хүний нэгнийх нь цогцсыг олсон байна. Он гарснаас хойш 10 хүн усанд живж, амиа алдаад байна.