Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Энэ үеэр Ерөнхий сайд “Засгийн газрын тэргүүнээр томилогдоод, дөрвөн үндсэн зорилт дэвшүүлэн ажиллахаа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдэгдсэн. Эдгээрийн нэг нь шударга ёс, цахим засаглал тогтоох зорилт байсан. Үүний хүрээнд цахим засаглалыг хөгжүүлэх замаар авлигатай тэмцэх, авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийг шалгах, мэдээлэгчийг хамгаалахад хяналт тавих бололцоо бүрдүүлэх, төрийн хүнд суртлыг халах чиглэлээр Засгийн газраас сүүлийн зургаан сард идэвхтэй ажиллаж байна. Авлигатай тэмцэх эрх зүйн орчныг сайжруулах нь энэ ажлын нэг үндсэн чиглэл юм. “Транспэрэнси интернэшнл” байгууллагаас авлигын эсрэг эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Тиймээс Засгийн газар энэ хуулийн төслийг боловсруулж, өргөн барьж байна. Засгийн газар авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг цар тахлын эрсдэлийг даван туулах арга хэмжээтэй адил түвшинд авч үзэж, онцгой анхаарлаа хандуулж байна Бид Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын, Зөвшөөрлийн, Улс төрийн намын тухай зэрэг хуулийн төсөл, авлига, албан тушаалын гэмт хэрэгт оноох ялын бодлогыг чангатгах, төрийн өмчийн засаглалыг сайжруулах чиглэлээр эрх зүйн шинэ орчин бүрдүүлэхээр ажиллаж байгаа. УИХ-д удахгүй өргөн барихаар төлөвлөж байна” хэмээв.
Төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг шүүмжилсэн, мэдээлсэн, илчилсэн тохиолдолд хууль зүйн хариуцлагад татах, дарамтлахаас мэдээлэгчийг хамгаалах, шүгэл үлээгчдийг аливаа өш хонзон, гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох үүднээс уг хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төсөл таван бүлэг, 22 зүйлтэй аж.
Үүний дараа Цахим засаглалд шилжих, хүнд суртал, авлигагүй төрийн үйлчилгээг бүрдүүлэх үндэсний хорооны гуравдугаар хуралдаан болсон. Тус хорооны дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр авлигын хэрэгт ялын бодлогыг чангатгахаа онцолсон юм. Тэрбээр “Манай улс авлигын индексээр 111 дүгээр байрт бичигдэж байгаа нь тааруу үзүүлэлт. Авлигыг бууруулахын тулд хатуу, өршөөлгүй арга хэмжээ авч хэрэгжүүлэхээс өөр гарцгүй. Энэ ажил амар биш. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бүрдсэн нийгмийн соёл, салбар бүрт бугшсан хүнд сурталтай бид нүүр тулж байгаа ч авлигатай хийх тэмцлийг улам эрчимжүүлнэ. Ямар нэг байдлаар намын нөхөр, таньдаг хүнээ өөгшүүлэхгүй гэдгээ Ерөнхий сайдын хувьд хэлье. Нөгөө талаас авлигын хэргээр хэн нэгнийг хэлмэгдүүлж, ял завшуулж болохгүй. Үндэсний хороог байгуулснаар чамгүй ахиц гарсан талаарх мэдээллийг хууль, хяналтын байгууллагынхан өгсөн. Өнгөрсөн хугацаанд авлига, албан тушаалын 1196 хэрэгт, 741 эзэн, холбогдогчийг татан шалгасан байна. Үүнээс 85 хэргийг эцэслэн шийдвэрлэжээ. Үндэсний хороо байгуулж ажилласан, сүүлийн долоон сарын хугацаанд 1100 гаруй хэрэг гарч байгаа нь харамсалтай бөгөөд авлига ямар хэмжээнд байгааг илэрхийлэх дүн. Энэ хугацаанд АТГ, хуулийнхан 90.3 тэрбум төгрөгийн хохирлыг төлүүлсэн нь өмнөхтэй харьцуулбал өндөр тоо. Хуулийнхан авлигатай хийх тэмцэлд үсрэнгүй ахиц гаргаж байгааг онцлох нь зүйтэй. Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталснаар авлигын хэргийг мэдээлдэг, эрх зүйн зохицуулалтаар хамгаалагддаг, илчилснээр тодорхой хэмжээний урамшуулалтай болно. Улс төрийн намын тухай хуулийн хүрээнд намуудын удирдлагатай эрх баригч хүчний даргын хувьд уулзана. Намд хандив өгөх нэрээр авлигын тогтолцоо бүрдүүлдэг байдлыг таслан зогсоох, ил тод болгох, хуульд зааснаас бусад хэлбэрээр хандив өгсөн тохиолдолд Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээх хүртэл ялын бодлогыг чангатгана. Төрийн албаныхны ёс зүйтэй холбоотой харилцааг хуульчлахаар УИХ төслийг нь боловсруулж байгаа. УИХ-ын гишүүдийн ёс зүйн дүрмийг шинэчлэн батална. Намууд ч өөр өөрийн ёс зүйн дүрэмтэй болох юм. Ийм байдлаар зайлшгүй хуульчилж, эрх зүйн орчныг нь бүрдүүлнэ. Авлигын хэргээр шийтгүүлсэн бол цаашид төрд ажиллах эрхгүй байх зохицуулалтыг холбогдох хуульд оруулахаар төслийг нь боловсруулж байна. Мөн хэрэг хялбаршуулдаг байдлыг авлигын хэрэгт үйлчлэхгүй болгоно. Цаашлаад төрийн албан хаагчид, тэр дундаа улс төрийн албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг нарийвчилсан байдлаар гаргахыг шаардана. Төрийн үйлчилгээг цахимжуулах ажил далайцтай явж байна. “11-11” төвд иргэдээс авлигын мэдээллийг авч, долоо хоног бүрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулж байна. Цахим хөгжлийн багц хуулийг өргөн бариад байгаа” хэмээн хуралдааны үеэр онцолж байлаа.
Бэлтгэсэн Б.Уран