Төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн засаглал, ил тод байдал, үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. Тодруулбал, гүйцэтгэх удирдлагын ажлын үр дүнг санхүүгийн болон үйл ажиллагааны шалгуур үзүүлэлтээр жил бүр ил тод үнэлэн, цаашид сунгах, эсэхийг шийддэг болох нь. Мөн ТУЗ-ийн гишүүн, гүйцэтгэх удирдлага бүрийн ажлын байрны тодорхойлолт, туршлага, томилсон тогтоол, шийдвэрийг олон нийтэд ил тод байршуулах, цаашид нээлттэй сонгон шалгаруулж, үндэслэлийн талаарх бүхий л тайлан, мэдээллийг энэ сард багтаан хүртээмжтэй болгох ажлыг хэрэгжүүлэхийг даалгав. Түүнчлэн шинээр өр төлбөр үүсгэх, үнэт цаас гаргах харилцааг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж, стратегийн ордод үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээд дунд хугацааны хөрөнгө оруулалтын хөтөлбөр гаргах бол Засгийн газрын түвшинд танилцуулж, шийдвэрлүүлэхийг чиглэл болголоо. Засгийн газрын шийдвэргүйгээр компани байгуулахгүй байх, дамжуулан зээлийн өр төлбөрийг төсөвтөө тусган, эргэн төлөх төлөвлөгөө, хуваарийг батлан хэрэгжүүлэх, нийгмийн хариуцлагын хүрээнд гаргах аливаа зардлыг үйл ажиллагаа, зорилтод нийцүүлэн хэрэгжүүлэх юм байна. Санхүүгийн тайланг дэлгэрэнгүй ил тод мэдээлэх, голлох үзүүлэлт, худалдан авалт, удирдлагын шийдвэр, аудитын дүгнэлт, төсөвт төлсөн татвар, бусдаас авсан болон өгсөн хандив, тусламжийн мэдээллийг 2021 онд багтаан цахим хуудсанд нээлттэй байршуулж, олон нийт хяналт тавих боломжийг бүрдүүлэхийг даалгасан юм. “Эрдэнэс Монгол” нэгдлийн ашигт үйл ажиллагааг сайжруулах, үр ашигггүй зардлыг бууруулах, үйл ажиллагааны давхардлыг арилгах, оновчтой болгох чиглэлээр бүтцийн өөрчлөлт хийх, дүрмийг нь шинэчлэх, шаардлагагүй охин, хараат компанийг татан буулгах, нэгтгэх, нийлүүлэх саналаа Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо.
Бэлтгэсэн У.Наран