Онц их хурлын шийдвэрүүд болох АН-ын даргаар О.Цогтгэрэлийг батламжилсан хийгээд бусад тогтоол, материалыг ерөнхий нарийн бичгийн дарга Л.Гантөмөр тэргүүтэй хүмүүс өчигдөр Дээд шүүхэд хүлээлгэн өглөө. АН-аас нийт 38 боть, 4038 хуудас материал Дээд шүүхэд өгсөн байна. Энэ үеэр ерөнхий нарийн бичгийн дарга Л.Гантөмөр дэд даргаараа М.Тулгатыг урьж буйг дурдаад, “МАН-аас илүү хурдтай ажиллахгүй бол нэг намын тогтолцоо бүрэн тогтох нь. Маргаашаас бид ажлаа эхэлнэ. Хүмүүсийн амбицыг шингээх цаг бидэнд алга. Ярилцаад суугаад байж болох ч цаг үлдэхгүй нь. М.Тулгат бидний саналыг хүлээж авна гэдэгт итгэж байгаа” гэв. Мөн АН-ын гишүүн, Завхан аймгийн Засаг дарга асан Д.Батсайхан “Онц их хурал зарлах шийдвэрийг маргалдагч талууд, АН-ын удирдлагаар ажиллаж байсан хүмүүс хамтдаа гаргасан. Улмаар намын дүрмийн дагуу Үндэсний бодлогын хорооны гишүүдийн 50-иас дээш хувийн саналаар их хурлыг зарлах зохицуулалтаа баримталсан. Тодруулбал, ҮБХ-ны 290 гишүүн буюу 72 хувь нь их хурал зарлах шийдвэрийг баталгаажуулан, гарын үсэг зурсан юм. Төлөөлөгч болох 1318 хүнийг сонгохдоо анхан шатны бүх нэгж хурлаа хүчин төгөлдөр ирцтэйгээр хийсэн. Эдгээрээс 1258 нь онц их хуралд биечлэн оролцсон юм. Үүгээр Дээд шүүхээс тавьж, шаардаж буй бүх асуудлаа нэгтгэн шийдвэрлэсэн. Эв нэгдлийн, эсвэл онц их хурал гэдэгт ялгаа байхгүй. Намын дүрэмд ээлжит болон ээлжит бус их хурал гэсэн ойлголт бий. Бид сая ээлжит бус их хурал хийсэн. Харин Улс төрийн зөвлөлийн шийдвэрээр онц их хурал гэж нэрлэсэн. Өөрөөр хэлбэл, нэршлийн л ялгаа байгаа юм. Ер нь АН төдийгүй улс орон, ард түмний өмнө онцгой нөхцөл байдал бий болоод байна шүү дээ” хэмээв.