АН-ын дарга М.Тулгат, нарийн бичгийн дарга О.Баасанхүү нар өчигдөр мэдээлэл хийж, энэ сарын 5-нд болсон онц их хурлыг хүчингүй хэмээн мэдээлэв. Мөн Дээд шүүхийн шүүгч С.Амардэлгэр АН-ын маргаантай холбоотой шүүхийн шийдвэрийг өөрийнхөөрөө тайлбарлаж, буруу мэдээлэл тараасан гэж үзэж, Сахилгын хороонд нь хандахаа хэллээ.
Нарийн бичгийн дарга О.Баасанхүү “Манай нам үзэл баримтлалын хувьд баруун, зүүн гэсэн хоёр чиглэлд хуваагдаад байна. Иймд АН-ын суурь үзэл баримтлалаас өөр чиглэл баримталж байгаа хүмүүс тусдаа нам байгуулаад явж болно. Бид дэмжиж, туслах болно. Харин бид шийдвэрээ өөрчлөхгүй, АН-ыг анхныхаар нь авч явах учиртай. Ер нь манай намынхан жаахан хүүхдүүд шиг муудалцаад байгаа юм биш. Өнөөдрийн нөхцөл байдлыг Ерөнхийлөгч асан Х.Баттулга тавьсан. Түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас шууд нэр дэвшүүлэх гэсэндээ АН-ын дүрмийг өөрчилснийг бид эсэргүүцэж, эхлээд намын даргаа өөрчилж, солихоор санал нэгдсэн. Эндээс бүр зүйл эхэлсэн шүү дээ” гэсэн бол М.Тулгат “Онц их хуралд оролцсон гээд байгаа 1000 гаруй хүн бол АН-ын нийт гишүүний 0.7 хувь нь. Их хурлын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг хэрхэн сонгох талаар намын дүрэмд тодорхой заасан. Харин онц их хурлыг зарлахаас авхуулаад бүх зүйл намын дүрмээс гадуур өрнөлөө. АН-д олон янзын байр суурьтай хүн олширч, намын гэх нэгдмэл үнэт зүйл, тодорхой байр суурь үгүй болсон нь өнөөдөр үүсээд буй нөхцөлийн бас нэг шалтгаан. Намайг С.Эрдэнийн хүн гэж элдэв янзаар хэлдэг. Би С.Эрдэнэ даргад ч шүүмжлэлтэй ханддаг. Үнэндээ С.Эрдэнэ, З.Энхболд дарга нарын үеэс АН-ын дотоод ардчилал алдагдаж, бүхнийг хүчээр шийдэх гэсэн хандлага газар авсан. Хууль, шүүхийн байгууллагаар шийдүүлэх гээд байгаа маргаан нь тусдаа асуудал. Хамгийн гол нь АН нэг үзэл баримтлал, өөрийн гэсэн жанжин шугамтай болох хэрэгтэй. С.Ганбаатар гэж нөхөр хүртэл АН-ын хуралд оролцож, индэр дээрээс илтгэл тавиад явж байгаа нь гутамшиг юм шүү. Манай намын үе үеийн лидерүүд онц их хуралд оролцсоныг олон нийт онцолж байна. Хэн, хаана, юунд оролцох нь хувь хүний эрх. Ер нь манай лидерүүд өдгөө хоёр талд гарчихаад байгаа хүмүүсийн аль аль нь хурал, уулзалт зохион байгуулахад оролцоод л явдаг. Тэд биднийг эвлэрчихээсэй, учраа олоосой гэсэндээ ирдэг” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.
Энэ үеэр М.Тулгатыг даргаар сонгосон цахим их хурал хийх талаарх зохицуулалт АН-ын дүрэмд байдаггүйг сэтгүүлч сануулахад О.Баасанхүү “Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард улс даяар хатуу хөл хорио тогтооход УИХ аливаа хурал, уулзалтыг цахимаар зохион байгуулах чиглэл бүхий шийдвэр гаргасан. Бид намын дүрмээс илүү хуулийг мөрдөх ёстой” гэв.