БНХАУ-ын Эрээн боомтод "Ковид-19"-ийн халдвар тархсанаас үйл ажиллагааг нь түр зогсоосон.
Үүний улмаас манай улсад хүнсний нарийн ногоо, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц тасалдаж эхэлсэн. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд эхний ээлжид хүнс, нарийн ногоог төмөр замаар шат дараатайгаар татан авч эхлээд байгаа юм. Харин худалдаа эрхлэгчийн голлон борлуулдаг хувцас, ахуйн бараа бүтээгдэхүүнийг хэрхэн татах талаар ярилцаагүйг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр хэллээ.
Тэрбээр "Хятад улсын дотооддоо хэрэгжүүлж буй халдвар хамгааллын дэглэм журам нь зөвхөн Монгол Улсад биш бусад бүх улсад адил тэгш үйлчилж байгаа. Ялгавартай ханддаг журам гэж байхгүй.
Нарийн ногоо болон стратегийн ач холбогдолтой буюу Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас ирүүлсэн нөөц бүрдүүлэх шаардлагатай, эрсдэлтэй бараа бүтээгдэхүүнд бид түлхүү анхаарч байна. Харин иргэдийн түүвэр ачаан дээр тодорхой ярьсан зүйл байхгүй. Эрээний ачаа тээврийн боомтоор орж ирэх байх" гэв.
Мөн тэрбээр одоогоор 12 вагоноор хүнс, нарийн ногоог татан авч байгаа юм. Нийт 60 вагоныг оруулж ирэхээр төмөр замынхантай хамтран ажиллаж байгаа хэмээлээ.