АН-аас өнгөрсөн баасан гарагт болсон онц их хурлын талаар өчигдөр мэдээлэл хийлээ. Намын даргаар сонгогдсон, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл тус хуралд оролцсон юм. Тэрбээр “Бид онц их хурлыг намын дүрмийн хүрээнд хамтдаа зарласан. Иймд АН-ынхан дотоод маргаандаа цэг тавьсан. Хуралд оролцсон манай лидерүүд АН-ын дотоод асуудлыг шүүх, эрх баригчид шийдэхгүйг хэллээ. Одоо дотоод хэрүүл, маргаанаа бид дахиж ярихгүй. АН-ынхан нэг талдаа гарсан. Шинэ удирдлагын багтай болж, туршлагатай гишүүдээр хүч сэлбэсэн. АН засаг, төрөө барилцаж, үзэл санааны шинэчлэл хийн, иргэдийнхээ талд зогсож, хөгжлийн төлөөх сөрөг хүчин болж ажиллана” гээд нөгөө талд үлдсэн хүмүүсийг нэгдэхийг уриалав. Удирдлагын багт уригдсан хүмүүсээс УИХ-ын гишүүн, сайд асан Х.Тэмүүжин хамтарчажиллахаа илэрхийлсэн аж.
АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Гантөмөр “2024 оны УИХ-ын сонгууль хаяанд ирлээ. Сонгуулийн маргааш улс төрийн намууд дараагийн сонгуульдаа бэлтгэж эхэлдэг. Бид хоёр жилийг алдчихлаа. Илүү өргөн хүрээнд улс төрийн үйл ажиллагаа явуулахгүй бол 2024 оны сонгууль маш ээдрээтэй болох дүр зураг харагдаж байна. Бид хоцорсон ч араас нь явна. АН ажил хэрэгч улс төрийн хүчин байна. Манай намын гишүүд хариуцлагатай, сахилга баттай байх ёстой” гээд хоёр зүйлд анхаарч ажиллахаа онцлов. Тодруулбал, тэд судалгааны байгууллагатай хамтрахын сацуу УИХ дахь намын бүлгээ дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм. Улмаар Бодлогын хүрээлэн байгуулахаар төлөвлөжээ. Мөн тэрбээр “Бид залуу үеэ хөгжил, дэвшилд хөтлөх хэрэгтэй. Үүний тулд АН сургалтын үйл ажиллагааг идэвхжүүлэх шаардлагатай байна. Ингэхдээ залуусын улс төрийн болон иргэний боловсролыг дээшлүүлж, тодорхой сургалтад хамруулна” гээд өнөөдөр эл асуудлаар бүх аймаг дахь АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга нартай уулзах гэж буйгаа дуулгав.
Мэдээллийн төгсгөлд Дээд шүүхийн түвшинд хүрсэн намын тамга, даргатай холбоотой маргааныг хэрхэн шийдвэрлэх тухай тодруулсан сэтгүүлчийн асуултад АН-ын дарга О.Цогтгэрэл “Дээд шүүхээс АН-ыг төлөөлөх хүн байхгүй байна гэдгийг л хэлээд байгаа. Өөрөөр хэлбэл, Ц.Туваан, С.Эрдэнэ, М.Тулгат, О.Цогтгэрэл нарын хэн нь ч АН-ыг төлөөлөхгүй. Тиймээс ч бид хурлаа дүрмийн хүрээнд хүчин төгөлдөр ирцтэй хийлээ” хэмээсэн. Мөн тэрбээр УИХ дахь намын бүлгийн даргаар хэн ажиллах тухайд “Парламент дахь намын бүлгийн удирдлагын түвшинд асуудал бий юү гэвэл тийм. Гэхдээ намын бүлэг бол УИХ-ын бүтцийн байгууллага. Холбогдох харилцаа, үйл ажиллагааг нь хуулиар зохицуулдаг. Тодорхой асуудлыг гишүүд олонхоороо шийдвэрлэдэг. Тиймээс бид шийдлээ олоод явчихна, зөрчилдөх зүйл байхгүй” гэлээ.