Их эзэн Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой тохиосон буюу өвлийн тэргүүн сарын шинийн 1-нийг тохиолдуулан Д.Сүхбаатарын талбайд Тулгар төрийн есөн хөлт Их цагаан тугийг өнөөдөр цэнгүүллээ.
Их цагаан тугийг Төрийн ордноос Д.Сүхбаатарын талбайд залсан юм. Уламжлал ёсоор эхлээд Есөн шарга морьт цэрэг Их тугийг цэнгүүлэн Төрийн ордныг нар зөв гороолов. Их цагаан тугийг цэнгүүлэхэд хээр зүсмийн морьд хүлэглэсэн торгон цэрэг, төрийн тусгай хамгаалалтынхан дагалдаж, зэвсэгт хүчний үлээвэр найрал хөгжимчид хүндэтгэлийн ая эгшиглүүлсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар Эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын багийн дүгнэлт болон Шинжлэх ухааны академийн саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн хэмээн тогтоон, уг өдрийг "Монгол бахархлын өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар тогтсон юм. Үүнээс хойш жил бүр энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлсээр ес дэх жилдээ золгож байна.
ШУА-аас Их эзэн Чингис хаан билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр мэндэлсэн хэмээн тогтоосон юм. 2012 оноос хойш тэмдэглэж ирсэн өвлийн тэргүүн сарын шинийн 1 буюу "Монгол бахархлын өдөр"-үүд нь:
2012 он: 11 сарын 14
2013 он: 11 сарын 4
2014 он: 11 сарын 23
2015 он: 11 сарын 12
2016 он: 10 сарын 31
2017 он: 11 сарын 19
2018 он: 11 сарын 8
2019 он: 11 сарын 27
2020 он: 11 сарын 16
2021 он: 11 сарын 5
2022 он: 11 сарын 24-нд тохиох аж.