Монголын Эмнести Интернэшнл байгууллагаас мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд "Монгол Улсад иргэд "Ковид-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлж байгаа зарим хариу арга хэмжээг эсэргүүцэж, үзэл бодлоо илэрхийлэхээр тайван замаар жагсаж, цуглах нь өмнөх онуудаас илүү нэмэгдлээ. Гэвч төрийн холбогдох байгууллагаас үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хэтрүүлэн хязгаарлаж, хууль сахиулагчдын зүгээс тайван замаар явагдаж байгаа жагсаал цуглааныг тарааж, иргэдийг баривчилж, хорьж байгаад Монголын Эмнести Интернэшнл гүнээ харамсаж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “хүн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй” болохыг баталгаажуулж өгсөн. Иргэний болон улсын төрийн эрхийн тухай олон улсын Пакт(ИУТЭОУП)-д заасны дагуу үндэсний аюулгүй байдал, нийтийн дэг журам, хүн амын эрүүл мэнд, бусдын эрх, эрх чөлөөг хамгаалах зорилгоор тайван замаар хуран цуглах эрхэд зөвхөн хуулиар зохих хязгаарлалт тогтоож болох хэдий ч тэрхүү хязгаарлалт нь үндэслэл бүхий байх, зорилгод хүрэхэд зайлшгүй, тухайн нөхцөл байдалд тохирсон байх шаардлагыг хангасан байх ёстой.
Гэвч төрийн захиргааны болон хууль сахиулах байгууллагын албан тушаалтан, алба хаагчдын хүний эрхийн талаарх мэдлэг ойлголт хангалтгүйн улмаас иргэдийн эсэргүүцлээ илэрхийлэх эрхийг өргөн хүрээнд хэтрүүлэн хязгаарлаж байна. Тухайлбал Ковид 19 цар тахлын улмаас хязгаарлалтын дэглэм тогтоосон үед олон хүн оролцсон наадам, ойн баяр, спортын уралдаан, тэмцээн, шагнал гардуулах болон нээлтийн үйл ажиллагаа зэргийг зохион байгуулахыг зөвшөөрсөн мөртлөө халдвар, хамгааллын аюулгүй байдал, хүн хоорондын зайг баримтлан явагдсан иргэдийн тайван жагсаал, цуглаан, цаашлаад нэг хүний суулт, хөдөлмөрийн багаж хэрэгслийн цуглааныг холбогдох Засаг даргад мэдэгдэж бүртгүүлээгүй гэх зэрэг үндэслэлээр цагдаагийн байгууллагаас албадан тарааж, иргэд, төрийн бус байгууллагад Зөрчлийн тухай хуулиар хариуцлага ногдуулж байгаа нь хүний эрхийн хязгаарлалт үндэслэл бүхий байх, зорилгод хүрэхэд зайлшгүй, гарцаагүй байх шаардлагад нийцэхгүй байна. Ийнхүү тайван замаар өрнөж байгаа аливаа жагсаал цуглааныг хүч хэрэглэн тараах, зохион байгуулагчдыг “эмх замбараагүй байдалд иргэдийг уриалан турхирсан”, “гадны санхүүжилттэй” гэх зэрэг шалтгаанаар баривчлан, ял тулгаж буй нь Монгол улсын нэгдэн орсон ИУТЭОУП-аар хүлээн зөвшөөрсөн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хуран цуглах эрхийг нухчин дарсан үйлдэл болж байна.
Мөн Монгол Улсын нэгдэн орсон ИУТЭОУП-ын 9 дүгээр зүйл, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.13-т иргэдийн халдашгүй, чөлөөтэй байх эрхийг баталгаажуулж, хэнийг ч дур мэдэн баривчилж, хорихыг хориглосон байдаг. Гэвч үзэл бодлоо илэрхийлж, төр засгийн буруутай үйл ажиллагааг шүүмжилж, тайван замаар жагсаал цуглаан зохион байгуулсан, оролцсон иргэдийн хууль ёсны эрхийг үндэслэлгүй хязгаарлаж, баривчилж хорьсон, заримыг нь өмгөөлүүлэх эрхээр хангаагүйгээр цагдан хорих шийтгэл оногдуулсан зэргээр шударгаар шүүлгэх эрхийн олон улсын хэм хэмжээг зөрчсөн талаарх мэдээллийг бид хүлээн авсаар байна.
Эрх чөлөөгөө хязгаарлуулсан хэн боловч түүнийг цагдан хорих явдал нь хуулийн хүрээнд байгаа эсэхийг тогтоолгохоор, хэрэв тухайн улс түүнийг хууль бусаар цагдан хорьсон бол суллахыг шаардан шүүхэд гомдол гаргах эрхтэй. Мөн баривчлагдсан буюу саатуулагдсан цагаас хойш 48 цагийн дотор ямар ч нөхцөлд яаралтай өмгөөлөгчид хандах, өөрийнхөө сонгосон өмгөөлөгчтэйгөө тогтмол, хувийн нууцлалыг хангасан нөхцөлд ганцаарчлан уулзах, харилцах, зөвлөлдөх эрхтэй.
Үзэл санааны, улс төрийн эсвэл бусад шалтгаанаар хоригдож буй хүмүүс улс төрийн болон бусад зорилгоор эрх мэдэл бүхий байгууллагаас тэдэнтэй харьцаж байгаа байдалд олон нийтийн анхаарлыг хандуулахын тулд өлсгөлөн зарлах нь нийтлэг тохиолддог. Өлсгөлөн зарласан хүмүүст үзүүлэх эмнэлгийн тусламж нь эмчийн ёс зүй, тэр дундаа нууцыг хадгалах, бие даасан байх, мэдэгдсэн байх зарчимд нийцэх ёстой. Өлсгөлөн зарлагчтай ажиллаж буй эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг мэргэжлийн хүрээнд, эмчийн ёс зүйн дагуу ажиллахад нь эрх баригчдын зүгээс саад учруулах ёсгүй. Эмнести Интернэшнл нь өлсгөлөн зарлагчдыг эмнэлгийн хяналтгүй, зөвшилцөлгүйгээр албадан хооллохыг, эрүүл мэндийн шаардлагаас бусад тохиолдолд ийм алхам хийхийг, мөн харгис, хүнлэг бус, доромжилсон замаар хийхийг эсэргүүцдэг.
Монголын Эмнести Интернэшнлээс тайван замаар жагсаал цуглаан зохион байгуулж, эсхүл түүнд оролцох явцдаа баривчлагдан, цагдан хоригдож байгаа бүх хүнийг зохих ёсны процедурын дагуу шударгаар шүүж, гэм буруугүй нь тогтоогдвол яаралтай, ямар ч болзолгүйгээр суллахыг шаардаж байна" гэжээ.