АН-ын Улс төрийн зөвлөл өчигдөр хуралдаж, намын ээлжит бус “Онц их хурал”-ыг зарлах, түүний зохион байгуулалтыг хангах ажлын хэсэг байгуулжээ. Уг нь тэд энэ өдөр эв нэгдлийн их хурал хийнэ хэмээн мэдэгдэж байв. Сүүлийн нэг жилд үүсээд буй хагарал бутрал, хууль бус дүрмийн шийдвэрүүд, олон удаагийн зөрчилдөөнтэй баримт бичгүүд Дээд шүүхэд хүргүүлсэн, 2020 оны УИХ-ын болон 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өнгөрсөн 30 жилийн туршид байгаагүй ялагдал хүлээсэн зэрэг нь АН-ын хувьд онцгой нөхцөл байдал үүссэн гэж үзсэн учраас ийм тодотголтойгоор их хурлаа хийхээр болсон гэнэ. Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд АН-ын анхан шатны нэгж, үүрүүд хуралдан их хурлын төлөөлөгчдөө сонгосон аж. Нийт 1318 төлөөлөгч Улаанбаатар хотноо цугларч, их хурлаа хийх юм байна.
Бэлтгэсэн У.Наран