Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, Ерөнхий сайдын зөвлөх Л.Цэдэвсүрэнг Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Солонгоог Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батбаатарыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан Г.Элбэгсайханыг Оюуны өмчийн газрын даргаар томилсон байна. Оюуны өмчийн газрын дарга Б.Энхсүх нь Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад Элчин сайдаар томилогдсон билээ. Б.Батбаатар нь Төрийн нарийн бичгийн даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Засгийн газар хүлээн авч, ёсоор болгоод байсан бөгөөд түүний албыг үргэлжлүүлж буй Л.Цэдэвсүрэн нь У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед тус салбарын сайдаар ажиллаж байсан юм. Мөн тэрбээр Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар ч ажиллаж байв. Б.Батбаатар нь МАН-ын Хяналтын хороо болон УИХ дахь намын бүлгийн ажлын албаны даргын албыг хашиж байсан бөгөөд сайд Л.Энх-Амгалантай хамтарч ажиллах боломжгүй гэдэг үндэслэлээр өргөдлөө өгсөн гэх мэдээлэл бий. Харин Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд С.Баатаржав нь Унгар улсад суух Элчин сайдаар томилогдсон юм. Б.Солонгоо нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж, Оюутолгойн гэрээг өөрчлөх, хэлэлцээ хийх ажлын хэсэгт багтаж буй.
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, ЦӨЛЖИЛТИЙГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРОО БАЙГУУЛЛАА
Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хороо байгуулж, бүрэлдэхүүнийг нь баталлаа. Үндэсний хороог Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахална.
Тус хороо нь НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцын Парисын хэлэлцээр, Цөлжилттэй тэмцэх конвенцоор хүлээсэн үүрэг болон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, цөлжилт, газрын доройтлыг бууруулах ажлын салбар дундын уялдааг хангах зорилгоор ажиллуулах нь. Уг хороо нь хоёр дэд даргатай бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга нар уг албыг хаших аж. Мөн бусад салбарын сайд нар, мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл багтсан байна.
Энэ талаарх мэдээллийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан өгөв. Тэрбээр “Улсын хэмжээнд таван удаа цөлжилтийн үнэлгээ хийсэн. Сүүлийн буюу 2020 оны үнэлгээгээр Монгол орны нийт газар нутгийн 76.9 хувь буюу 120.3 сая га талбай ямар нэгэн байдлаар цөлжсөнийг тогтоосон. Үүний 23 хувь буюу 30 орчим сая га талбай цөлжилтөд нэн хүчтэй өртсөн байгаа юм. Үндэсний хороо нь улиралд нэг удаа хуралдаж, цөлжилтийг бууруулах, хөрсний бохирдлыг арилгах чиглэлээр хийж байгаа ажлын уялдаа холбоог сайжруулахад шаардлагатай зохицуулалт хийж ажиллана” гэлээ. Мөн “Уулнаас мод шилжүүлэн суулгах бодлогыг манай яам дэмжихгүй. Өнөөдрийн байдлаар 9.2 сая суулгац улсын хэмжээнд бий. Бид арван жилийн хугацаанд жил тутам 100 сая мод тарихад одоогийнхоос арав дахин их нөөц хэрэгтэй. Тиймээс мод үржүүлгийн үйл ажиллагааг дэмжин, зээл олгох чиглэлээр ажиллана” хэмээн тодотгосон.
БАГШ ОЮУТНУУДАД ТЭТГЭМЖ ОЛГОХ, ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ЭРХ ЗҮЙН ОРЧИН БҮРДҮҮЛНЭ
Орон нутагт төрийн өмчийн их, дээд сургуулийн үйл ажиллагааг “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” болгон хөгжүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулахтай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь. Тодруулбал, Дархан-Уул аймаг дахь ХААИС-ийн харьяа Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн Агро-Экологи, бизнесийн сургуулийг хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлэх юм байна. Мөн Өмнөговь аймагт геологи, уул уурхай, технологийн чиглэлээр ШУТИС-ийн харьяа сургуулийг шинээр байгуулах аж. Орхон аймаг дахь ШУТИС-ийн харьяа “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийг уул уурхай, технологийн чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгалаа. Орон нутагт төрийн өмчит их, дээд сургуульд суралцах оюутнуудад сургалтын төлбөрийн 50 хувийн хөнгөлөлт, зээл олгох зэрэг асуудлыг холбогдох журамд өөрчлөлт оруулж, төсвийн хүрээнд санхүүжүүлэх чиглэл өгсөн байна. Мөн тэнд ажиллах багш, ажилтны нийгмийн баталгааг хангаж, дэмжлэг үзүүлэх, орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж олгох, хөнгөлөлттэй зээлд хамруулах, эрх зүйн орчныг бүрдүүлэхийг үүрэг болголоо.
Энэ талаар мэдээлэл хийсэн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Их, дээд сургуулиудыг орон нутагт хөгжүүлэх нь нийслэлийн түгжрэлийг бууруулахаас гадна хөдөө, бүс нутгийн хөгжилтэй холбоотой цогц асуудал. Өмнө нь хөдөө, орон нутаг руу их, дээд сургуулийг нүүлгэх шийдвэр гаргаж байсан ч нэг нь ч бодит ажил хэрэг болоогүй. Манай улсад 88 их, дээд сургууль байгаа. Үүнд 150 мянга орчим оюутан суралцдагаас 143 мянга нь Улаанбаатарт байна. Хот, хөдөөд боловсролын бүхий л шатанд сургалтын ялгаа бий болсон. Тиймээс их, дээд сургуулиудыг орон нутагт хөгжүүлбэл Улаанбаатар хотод олгож байгаа шиг чанартай боловсрол олгох зайлшгүй шаардлагатай. Цаашдаа их, дээд сургуулиудыг төгссөн суралцагчийнх нь хэдэн хувь ажлын байртай болсон бэ гэдэг нэг л үзүүлэлтээр дүгнэдэг болно. Сая нэр дурдсан аймгуудад байгаа хичээлийн болон дотуур байрыг өргөтгөх замаар цогцолбороо байгуулна. Дархан-Уул, Орхон, Өмнөговьд 10-15 мянган оюутныг сургана гэж тооцсон. Мөн энэ гурван сургуулийнхтай сургалтын хөтөлбөрийн агуулгын хувьд ижил ангийг Улаанбаатарт нээхгүй” гэлээ.
“ХӨХ ХОТООС 50 ВАГОН ТҮЛШ ОРУУЛЖ ИРСЭН”
Эрдэс баялгийн бирж байгуулах талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ. Улмаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх бэлтгэл ажлыг яаралтай зохион байгуулахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо. Үндсэн хуульд заасан, төрийн нийтийн өмч болох газрын доорх баялгаас хүртэх үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрт тэгш, шударга хүртээх зорилгоор уг төслийг боловсруулсныг салбарын сайд онцлов. Өөрөөр хэлбэл, уул уурхайн бүтээгдэхүүний үнэлгээг олон улсын зах зээлийн жишигт хүргэж, түүнээс хүртэх үр ашгийг нэмэгдүүлж, борлуулалт, орлогод хяналт тавих зорилгоор эрдэс баялгийн бирж байгуулахаар ажиллаж байгаа гэнэ. Төсөлд өгсөн гол саналуудаас дурдвал, биржийн өмчлөлийн байдал, түүгээр арилжих бүтээгдэхүүний чанарын хяналт, ногдох татвартай холбоотой саналуудыг Засгийн газрын гишүүд хэлсэн байна.
Уг төслийн талаар хэвлэлийнхэнд танилцуулсан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Энэ төслийг хэлэлцүүлэхээр хэд хэдэн удаа ярьж байсан ч Засгийн газрын түвшнээс хэтрээгүй. Харин одоо Ерөнхийлөгч, УИХ-ын дарга үүнийг дэмжиж байгаа. Нэг үгээр хэлбэл, уг хуулийг батлах улс төрийн нөхцөл боломж таатай болсон” гэж байлаа. Мөн түүнээс шатахууны татан авалтын талаар тодруулахад “БНХАУ хилээ хаасан ч төмөр замын тээвэр хэвийн байгаа. Өнгөрсөн шөнө Хөх хотоос 50 вагон түлшийг Замын-Үүдээр оруулж ирсэн. Шатахууны үнийг чөлөөлөх талаар бид судалгаа хийж байгаа. Үе шаттайгаар буюу зах зээлийн зарчмаар ажиллана гэдэгт талууд санал нэгдсэн. Эдийн засгийг цочроохгүйгээр үнийг чөлөөлөхөөр ажиллаж байна” хэмээсэн.
58.1 САЯ ТӨГРӨГ ХЭМНЭЖЭЭ
Авлигын индексийг бууруулах зорилготой ажлын хэсгийнхэн үйл ажиллагааныхаа явцын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулсан байна. Энэ удаа төрийн үйлчилгээний хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлж, цахим үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр хийж буй ажлаа онцолжээ. Тодруулбал, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, гэрээ, кадастрын зургийг иргэн, хуулийн этгээдэд үнэ төлбөргүй, цахимаар олгох ажлыг эхлүүлснээр энэ сарын 1-17-нд 2983 иргэн үйлчлүүлжээ. Үүнээс нийт 58.1 сая төгрөг хэмнэсэн гэнэ. Өмнө нь нэг газрын гэрээ, гэрчилгээ, кадастрын зураг, хянан баталгаажуулах дүгнэлтэд 13 удаа гарын үсэг зуруулдаг байсан бол одоо ингэх шаардлагагүй болжээ. Мөн газрын захирамж гарснаас хойш гэрээ, гэрчилгээгээ авах гэж иргэд 30-60 хоног хүлээдэг байсан бол нэг минутын дотор л авч байгаа аж.
Энэ талаар Газар зохион байгуулалт, геодез, газар зүйн газрын орлогч дарга М.Буяндэлгэр “Өмнө нь газрын гэрээ, гэрчилгээг үнэт цаасан дээр хэвлэдэг байсан бол одоо жирийн цаасан дээр гаргаж байгаа тул улсын тэмдэгтийн мөнгөн хураамж төлөх шаардлагагүй. Манай байгууллага жилд дунджаар 1.2 тэрбум төгрөгийн үнэт цаасны шимтгэлийг улсын төсөвт төвлөрүүлдэг байсан. Мөн газрын дуудлага хуралдааны цахим системд оролцож байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдийн нэрийг ил гаргадаг болсон. Харин хувь хүний мэдээлэл нь Хувь хүний нууцын тухай хуулиар хамгаалагдсан байдаг тул манай байгууллагаас уг хуульд өөрчлөлт оруулах саналаа Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлээд байна” гэв.
Бэлтгэсэн Б.Уран