Киргизстан Улсаас Э.Цэндбаатарыг ДАШТ-д өөрийн орны нэрийн өмнөөс тоглох санал тавьсан гэнэ. Ингэхдээ тэмцээнээс өмнө түүнд иргэншил өгч, ДАШТ-ий 60 кг жинд оролцох эрхийг олгох сурагтай. Эх сурвалжийн мэдээллээр түүнд сарын 15 сая төгрөгийн цалин, бас унаа, байраар хангах санал тавьсан бололтой. Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар уг саналд одоогоор тодорхой хариу өгөөгүй аж.
Өмнө нь Монголын тамирчдаас Г.Отгонцэцэг иргэншлээ сольж, Казахстаны нэрийн өмнөөс дэлхийн тавцанд өрсөлдөж амжилт гаргасан. Үүний нэгэн адил буудлагын тамирчин Д.Мөнхбаяр ч Германы нэрийн өмнөөс ДАШТ, олимпод оролцож ирсэн түүхтэй. Энэ удаа ч түүх давтагдах бололтой. Өөрөөр хэлбэл, Э.Цэндбаатар аравдугаар сарын 3-нд О.Тулгатай тулалдах тулаанд ирээгүйг зарим дасгалжуулагч дээрх саналтай холбон тайлбарлаж байна.