МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээллээ. Намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн төслүүдээс дөрвөн чиглэлд онцгой анхаарч буйг тэрбээр онцлов. Тодруулбал, эдийн засгийг сэргээх, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн эрх зүйн шинэчлэл хийх, ирэх оны төсөв, баялгийн болон хуримтлалын сан, төрийн өмчит компаниудын талаар авах арга хэмжээнд нэлээд анхаарал хандуулах гэнэ. 2022 оны төсвийн төслийг тэд ирэх долоо хоногийн ээлжит хуралдаанаар дэлгэрэнгүй ярилцахаар төлөвлөжээ.
АН: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн төслийг дэмжлээ
АН-ын бүлгийн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцжээ. Эдгээр төслийн талаар санаачлагч гишүүн Х.Ганхуяг, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин нар танилцуулсан байна.
Хувийн хэвшил, хувиараа аж ахуй эрхлэгч, жижиг, дунд үйлдвэрлэгчдийн төлөөлөл Худалдаа, аж үйлдвэрийн танхимд ямар оролцоотой байх, хэдхэн том компанийн байгууллага болж хувирах вий гэдэг талаас нь гишүүд саналаа хэлжээ. Тухайлбал, гишүүн О.Цогтгэрэл Худалдаа, аж үйлдвэрийн танхим илүү мэргэжлийн болж өөрчлөгдөхөөр төсөлд тусгасныг олзуурхсан ч хэт төвлөрсөн бүтэц болохоос зайлсхийх зохицуулалт тусгах хэрэгтэйг онцолж байлаа. Гишүүн Б.Пүрэвдорж “Төсөлд бизнесийн эрх чөлөөг боох, төрийн бус байгууллагуудын оролцоог хязгаарлах агуулгатай заалтууд байна. Мэргэжлийн холбоод замбараагүй болсон учраас цөөлөх нь зөв ч хувийн хэвшлийнхний эвлэлдэн нэгдэх эрхийн эсрэг, хүчээр шийдэх гэсэн хандлага анзаарагдлаа” хэмээн шүүмжилсэн. Мөн гишүүн Д.Бат-Эрдэнэ мэргэжлийн холбоодыг цөөлөхийг дэмжиж буйгаа илэрхийлээд, төрийн өмчийн компаниудыг хувьчлах, төрөөс олгодог зөвшөөрлийг хувьд шилжүүлэх нь чухал байгааг тэмдэглэв
Бэлтгэсэн Б.Уран