Ардчилсан намаас өнөөдөр "Одоо боллоо" жагсаалыг зохион байгуулсан. Тус намын зүгээс "Коронавирусийн халдварын нөхцөл байдал хүндэрч, халдварын улмаас нас барж байгаа иргэдийн тоо өдрөөс өдөрт улам нэмэгдэж, эмнэлгийн тусламж авч чадалгүй олон иргэд амиа алдаж байгаад Л.Оюун-Эрдэнийн засгийн газар хариуцлага хүлээж, огцрохыг шаардсан.
Тэгвэл уг жагсаалтай холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараах тайлбар мэдээллийг өглөө. Тэрбээр, "Сөрөг хүчин төр засагтаа шүүмжлэлтэй хандах нь зүйтэй. Монгол Улс бол ардчилсан улс. Олонх нь засгийн эрхээ барьж, цөөнхөд хүндэтгэлтэй хандах зарчимтай. Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу иргэд жагсаал, цуглаан хийх эрхтэй. Тайвнаар үг хэлэх, хэвлэн нийтлэх, сонгох, сонгогдох зэрэг олон улс төрийн эрхтэй. Эдгээрийн нэг нь жагсаал, цуглаан хийх эрх. Миний хувьд ч жагсаал, цуглаанд өөрөө оролцож явсан хүн. Тиймээс иргэдийн жагсаж, цуглах эрхэд туйлын хүндэтгэлтэй хандана. Жагсаал, цуглаанаар тавьж буй асуудлыг ажил хэрэгтээ шүүмжлэл гэхээсээ зөвлөгөө гэж хүлээж авч ажилдаа тусгах ёстой. Үүнийг Засгийн газар, холбогдох яам, тамгын газар анхааралтай ажиглах хэрэгтэй.
Нэг зүйлийг л анхаарах хэрэгтэй. Хүмүүс ажиглахгүй байгаа болохоос сонгууль явж байгаа шүү дээ. Сонгуультай холбоотой улс төржилт нэмэгддэг. Гэхдээ миний хувьд ганцхан л зүйлийг уриалж байна. Ковид, вакцинжуулалтыг бүү улс төржүүлээч ээ. Бусад нь тийм ч сонин зүйл биш. Жагсаал хийж буй иргэдийн жагсах, цуглах эрхийг хүндэтгэж байгаа. Харин жагсаал зохион байгуулж буй хүмүүсийн хувьд халдвар хамгааллын дэглэмийг баримталж, тайван жагсаал байх тал дээр хариуцлагатай хандах нь чухал" гэлээ.