Ардчилсан намынхан маргааш Сүхбаатарын талбайд тайван жагсаал зохион байгуулахаар зэхжээ. Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Маргааш Сүхбаатарын талбайд тайван жагсаал цуглаан зохион байгуулахаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, хотын дарга Д.Сумъяабазар нарт мэдэгдсэн. Жагсаал цуглаан зохион байгуулах нь Үндсэн хуулиар олгосон иргэний эрх. Тиймээс жагсаалыг УОК болон бусад хуулиар хорих эрх байхгүй. Бид итгэл үнэмшил үзэл бодлоо илэрхийлэх үндсэн эрх чөлөөгөө эдлэх гэж байна. Тиймээс иргэд, олон нийтийг маргааш Сүхбаатарын талбайд ирээрэй хэмээн уриалж байна. Жагсаалыг үймүүлэх, хүчгүйдүүлэх, эмх замбараагүй байдал үүсгэхээр бэлтгэж буй мэдээлэл бидэнд ирсэн. Тиймээс цагдаагийнхан, хууль, хүчний байгууллага хууль сахиулах чиг үүрэгтэй. ЦЕГ, НЦУГ ажил үүргээ гүйцэтгэх байх аа" гэв.
Түүний хэлснээр маргааш Сүхбаатарын талбайд хэн нэгэн үнэхээр эмх замбараагүй байдал үүсгэх үү. Тэгвэл тэр нь хэн бэ гэх асуудал гарч ирж байна. Аливаа үймээн самууны ардах гол захиалагч нь улстөрчид өөрсдөө байдаг. Харин гүйцэтгэгчид нь гэмт хэрэгтэн, хулгайч, рецитивүүд. Тэгвэл гэмт хэрэгтнүүдийг Сүхбаатарын талбайд хэн дуудсан бэ. Үймээн самуун, эмх замбараагүй байдал үүсвэл дараа нь хэн хариуцлага хүлээх вэ. Үнэхээр ч хэн нэгэн нь "бор шувуу" илгээж, хэрэг, зөрчилд холбогдож байсан болж бүтэхгүй хүмүүс талбайд ирнэ гэх мэдээлэл түгээв. Гэхдээ нэг зүйлийг онцлоход маргааш үнэндээ байдал эвгүйтвэл жагсаал зохион байгуулсан АН ч, асуудлын голоор орсон "террористууд" ч хариуцлага хүлээхгүй нь лавтай. Гагцхүү энгийн иргэн, эрхзүйн мэдлэггүй залуус, хүүхдүүд л голдуу хохирч үлддэг.
Мөн жагсаал цуглааны улмаас "Ковид-19" цар тахал нэмэгдвэл яах гэсэн асуултад "МАН-ынхан өөрсдөө 100 жил гээд баахан одон медаль тарааж, шоу хийсэн, сонгуулиар надад хамгаалалт хэрэггүй гэж сүржигнэсэн. Цахим үндэстэн гээд парк дээр баахан залуу цуглуулсан. Бид маск зүүнэ, дэглэмээ барина" хэмээн барьцсан өнгөтэй хариулт өглөө.
Гэхдээ тэртээх долдугаар сарын 1-нд болсон шиг үйл явдлыг давтахыг хүсээгүй л бол иргэн та гэрээсээ битгий гараасай хэмээн учир мэдэх хүмүүс хэлж байна. Сүхбаатарын талбайд замбараагүй байдал үүсэж гэмээнэ иргэн та хэрэг зөрчилд холбогдож, хуулийн хариуцлага хүлээх магадал маш өндөр. Тиймээс 2008 оны долдугаар сарын 1-ний үймээний дараа сэтгэл хөөрлөөр хандсан маш олон хүн шоронгийн хаалга татсаныг сануулъя. Харин үймээнийг "дэглэгчид" өөрсдөө усанд хаясан чулуу шиг алга болсон билээ.
Нөгөөтэйгүүр тайван жагслаа гээд коронавирус биднээс дайжихгүй. Жагсаалд оролцож, магад коронавирус туслаа гэхэд АН таныг эмчлэхгүй. МАН ч эмчлэхгүй. Сөхөрч унахдаа тулаад буй хөөрхий эмч нарын ачаалал л нэмэгдэнэ. Мөн таны эдийн засаг хүндэрнэ. Ковидын хүндрэлээс болоод амиа алдаж ч магад шүү дээ. Тиймээс чоно үүрэндээ өлзийтэй гэдэгчлэн иргэн та гэртээ байх нь хамгийн зөв сонголт байж ч мэдэх юм.