Дархан-Уул аймгийн Төрийн сангийн хэлтсийнхэн төсвийн байгууллагынхантайгаа хамтран хуурамч бичиг баримт ашиглаж, их хэмжээний хөрөнгө завшсан хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгасан ч өдгөө хүртэл шүүхээр шийдвэрлээгүй байгаа. Хууль хяналтынхан энэ хэргийг хэрхэн шийдвэрлэхээ мэдэхгүй будилж байх зуур Орхон аймгийн Төрийн сангийн хэлтсийнхэн мөн ийм хэрэг өдүүллээ.
Бидэнд олдсон мэдээллээр тус аймгийн ЗГДГ-ын санхүү, төрийн сангийн ажилтан А.Энхтөр, 14 дүгээр сургуулийн нягтлан бодогч О.Батхишиг нар албан тушаалаа урвуулж, хуурамч бичиг баримт ашиглан төрийн сангийн хөрөнгөнөөс 150 сая гаруй төгрөг завшсан нь мөрдөн байцаалтын явцад илэрч байгаа гэнэ. Тэдний үйлдсэн хэргийг шалгах явцад Орхон аймгийн ЗДТГ-ын Төрийн сангийн хэлтсийн дарга С.Нарангэрэл, тус газрын төсвийн ерөнхий нягтлан бодогч Г.Урантуяа нар албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлсэн нь илэрчээ. Дээрх хүмүүсийг АТГ-аас сэжигтнээр тооцон шалгаж эхэлжээ.
Г.РАВЖАА