Ардчилсан намаас шатахууны хомсдол болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
АН-ын Улс төрийн бодлого хариуцсан нарийн бичгийн дарга С.Буяндэлгэр "Хэдхэн хоногийн өмнө цахим үндэстэн нэртэй том арга хэмжээ боллоо. Засгийн газар 1.6 жилийн хугацаанд "Ковид-19"-ийн хуулийг хэрэгжүүлж буй. Энэ хуулиар олон хүн цугласан арга хэмжээг хориглосон. Тэгвэл яагаад манай улсын Ерөнхий сайд өөрийн биеэр үлгэрлэн, өндөр настан болон хүүхдүүд өвдөж, орны хүрэлцээ муу, эмнэлгийн ажилчид маш хэцүү нөхцөлд ажиллаж байхад олон хүнийг цуглуулсан юм бэ. Ийм байж болохгүй.
"Ковид-19"-ийн хуулиа яаралтай цуцлахыг шаардаж байна. ААН-үүд ч бүгд нийлээд шаардах хэрэгтэй. Дураа хүрэхээр хөл хорио тавьдаг, ААН-үүдийн хаалгыг барьдаг мөртлөө өөрсдөө арга хэмжээ зохион байгуулах болохоороо хэдэн арван мянгаар нь цуглуулж байна.
ОХУ-аас засвар хийхийг сануулсаар байхад шатахуунаа нөөцөлж чаддаггүй Засгийн газар байж болохгүй. Машинууд шатахуун түгээх станцын гадаа дугаарлаж байна. Хэд хоногийн дараагаас таг зогсоно гэж мэдэгдсэн. МАН ажлаа сайн зохион байгуулж чадахгүй байна. Үүнийг бид шаардах ёстой" гэлээ.
АН-ын хэрэг эрхлэх газрын дарга Б.Ган-Очир "Засгийн газрын хувьд 95 мянган орчим аж ахуйн нэгж, 60 мянган орчим иргэний нийгэм, төрийн бус байгууллагын дуу хоолойг сонсож, хамтарч ажиллах хэрэгтэй. Асуудлыг урьдчилж харах шаардлагатай байна. ОХУ-аас шатахуунтай холбоотой асуудлыг удаа дараа анхааруулаад байхад сонгуульд зориулж шатахууны үнийг хүчээр барьсан" гэв.