Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар 10 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн гэнэ. Хэлэлцэн шийдвэрлэсэн зарим асуудлын талаар Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нар мэдээлэл хийлээ.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх: Засгийн газрын 2020-204 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын барилгыг барих гүйцэтгэгчтэй Эрчим хүчний яам энэ сарын 17-нд гэрээ байгуулсан. Ховд гол дээр барих 90 мВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станцын барилга угсралтын ажил удахгүй эхэлнэ. Анхын судалгааг 1964 онд ОХУ-ын мэргэжлийн байгууллагууд судалж гаргасан байдаг. Ингээд 2018 онд судалгааг дахин шинэчилсэн. Энэ төслийг БНХАУ-аас хөнгөлттэй зээл авч гүйцэтгэнэ. Төслийн өртөг 288 сая ам.доллар байхаар ТЭЗҮ-ийг боловсруулсан. Тендерт БНХАУ-ын төрийн өмчит компани шалгарсан. Тендерт шалгарсан компани 271 сая ам.доллараар, 61 сарын хугацаанд барих гэрээ байгуулсан. Барилга угсралтын явцад 800-1000 түр ажлын байр бий болно. Цахилгаан станц ашиглалтад орсноор 80 орчим тогтвортой ажлын байр бий болно. Энэ эх үүсвэрийг Монгол Улсын нэгдсэн системд холбох Эрдэнэбүрэн Мянгад, Мянгад Улиастай гэсэн цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж ашиглалтад оруулна. 2021 оны улсын төсөвт агаарын шугам, дэд станцын зураг төслийг мөнгийг тусгасан. Энэ ажил ирэх оны нэгдүгээр сард дуусна. Зургийн ажил дуусахаар дэд станц, шугамын ажлыг барих санхүүгийн эх үүсвэрийг хөөцөлдөж эхэлнэ.
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг ашиглалтад оруулснаар баруун бүс болон Алтай Улиастай эрчим хүчний системийг дотоодоос бүрэн хангах боломжтой болно. Баруун бүс эрчим хүчний хэрэглээнийхээ 70 орчим хувийг ОХУ-аас авдаг. Зарим бүтээгдэхүүнийг импортоор авахын сөрөг талыг улсаараа мэдэрч буй. Манай улсын эрчим хүчнээ тодорхой хувийг импортоор хангаж байгаа. Дэлхий нийтээрээ цахилгаан дулааны эрчим хүчээ сэргээгдэх эрчим хүчээр хангаж байна. Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц энэ жишигт нийцсэн станц болно. Улмаар цахилгаан станцыг ашиглалтад оруулснаар тогны үнэ нэмэхгүй байх нөхцөл бүрдэнэ.